Францын По хотод 38 настай, Суданы харьяат этгээд Цагаачдыг хүлээн авах төвийн даргыг хөнөөжээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен, По хотын дарга Франсуа Байру нар ийм хэрэг гарсныг мэдээлэхдээ хүлээцтэй байхыг иргэдэд уриалав. Харин хэт барууны үзэлтнүүд цагаачдыг хил нэвтрүүлэхийг хориглох хэрэгтэй гэжээ. 2015 онд Францад ирсэн Суданы харьяатад дээрх хүнд орогнох эрх олгохоос татгалзсан аж. Тус улсаас гарах мэдэгдэл авсан тэрбээр дүрвэгсдийн нийтийн байрандаа урьд нь оруулж байсан хүнийг хэд хэдэн удаа хутгалан хөнөөсөн нь олны анхаарлыг татав. Амиа алдсан, 46 настай Сирил Пьервал 2015 оноос Цагаачдыг хүлээн авах төвийг удирдаж байжээ. Тэрбээр Кале хот дахь цагаачдын “шугуй” гэгддэг, том хуаранг нүүлгэн шилжүүлэх үеэр дүрвэгсдэд нэг бус удаа тусалж, шилжин ирэгсдийн ирээдүйд итгэлтэй нэгэн байв. Ирсэн дүрвэгсдийн дунд түүнд халдсан хүн байжээ. Тэр этгээд эхлээд дүрвэгчийн статус хүсээд татгалзсан хариу авсан юм байна. Үүний эсрэг шүүхэд хандсанаар тэрбээр Францад үлдэх боломжтой болжээ. Гэвч 2017 онд хажуу өрөөний хүн рүүгээ хутга барин дайрч, хоёр жил хорих ял эдлэхдээ шоронд өрөөний хоригдолдоо халдаж, ялаа зургаан сараар нэмүүлсэн аж. Түүнийг суллагдсаны дараа Францад байх боломжгүйг мэдэгдсэн аж. Гэсэн ч Суданы харьяат тэр этгээд бараг хоёр жил ямар ч халамж, бичиг баримтгүй амьдарчээ. Байцаалтын үеэр тэрбээр Цагаачдыг хүлээн авах төвийн даргыг өөрт нь туслаагүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна. Эл хэрэг Засгийн газраа шүүмжлэх сөрөг хүчнийхэнд том шалтгаан болно хэмээн Францын эрх баригчид болгоомжилж буй юм.