Энэ сарын 23-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтэйн уулархаг нутаг болон Онон, Улз голын сав газраар ялимгүй цас, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23, 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд нутгийн баруун хагаст секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Гэсэн хэдий ч ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22, өдөртөө 5-10 градус байна. Мөн Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.