Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ажлын нэгэн долоо хоногийн ард гарлаа. Засгийн газрын тэргүүн холбогдох сайд нарын хамт зарим салбарынхантай тодорхой асуудлаар ярилцаж, байр сууриа нэгтгэн, шийдэлд хүрэхийн тулд өглөө эртлэн уулзалт зохион байгуулав. Энэ мэт уулзалт ирэх өдрүүдэд ч үргэлжлэх бололтой. Өнгөрсөн долоо хоногийн хувьд орлогод нь нийцсэн орон сууцаар иргэдийг хэрхэн хангах талаар барилгын салбарынхантай ярилцаж, үүнийг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг байгуулав.
Мөн өнгөрсөн баасан гаргийн өглөө харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзсан юм. Ерөнхий сайд уулзалтынхаа эхэнд тус салбарт баримтлах бодлогыг үндсэн зургаан чиглэлээр явуулах тухай танилцуулж, “Шинэчилж, өөрчилнө. Өмнөх Засгийн газруудын сайн, үлгэр жишээ бодлогуудыг үргэлжлүүлнэ. Бидний нэг том зорилт бол цахим шилжилт хийх явдал. Иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж төрд байхгүй. Тиймээс иргэд нь өглөө сэрэхдээ бухимдах зүйлгүй, үндэстнээрээ эрт босож гүйдэг, эрүүл мэнддээ анхаардаг, гар утаснаасаа төрийн үйлчилгээ авчихдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг нөхцөл бүрдүүлэх ёстой” хэмээн онцолсон. Уулзалтад оролцсон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд, тусгай зөвшөөрөлтэй старт-ап компаниудын төлөөлөл болсон залуус санал, бодлоо чөлөөтэй илэрхийлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах чиглэлд бодит үр дүн гарахуйц ажил хомс байсаар ирснийг хэлж байлаа. Мөн төртэй хамтарч ажиллахад шат дамжлага ихтэй, хүнд сурталтайн зэрэгцээ тэдний бизнесийн үр дүн, орлого ашиг багатай байдаг нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг чөдөрлөж буйг хатуухан шүүмжилсэн юм. Мэдээллийн технологийн асуудал хариуцсан яамтай болж, бодлогоор дэмжихээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр мэдэгдсэн билээ.
Төрийн 592 үйлчилгээг E-Mongolia.mn цахим хуудсаар үзүүлэх ажлыг энэ онд багтаан хэрэгжүүлэхээ лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдсэн бөгөөд Цахим хөгжлийн яам байгуулахад бэлтгэж эхэлснээ мэдээлсэн юм. Тус хуралдаанаар зөвхөн энэ л асуудлыг хэлэлцсэн. Цаашид Засгийн газрын хуралдаанаар маш олон зүйл хэлэлцэж, тодорхойгүй тогтоол, тэмдэглэл үйлдвэрлэхээс илүү тухайлсан асуудлыг шийдвэрлэхүйц чиглэл бүхий үүрэг, даалгавар өгч, биелэлтийг нь хянаж ажиллана гэдгээ ч Ерөнхий сайд анхааруулжээ.
Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар төлөвлөсөн бөгөөд Улсын онцгой комисс энэ сарын 11-нээс 12 хоногийн турш хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэснийг хэлэлцэнэ. ОБЕГ, УОК-ын Шуурхай штаб, НОК-ын үйл ажиллагаатай танилцах үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавируст цар тахалтай тэмцэх нэгдсэн төлөвлөгөөгөө шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг УОК-т үүрэг болгосон юм. Ингэхдээ эдийн засаг, бизнесээ дэмжихийн зэрэгцээ асуудлыг цогцоор нь хэрхэн шийдвэрлэж болохыг шинжлэх ухааны судалгаанд суурилан ул үндэстэй боловсруулах нь чухлыг онцолсон билээ.