Хууль бусаар хил давсан хэргийг эрүү үүсгэн шалгах үеэр цагаачдаас хүүхдийг нь тусгаарлах бодлогыг АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден цуцалжээ. Тэрбээр өмнөх Төрийн тэргүүн Дональд Трампын гаргасан цагаачлалын бодлогын талаарх хэд хэдэн шийдвэрийг цуцалсан гурван зарлигт гарын үсэг зурсан байна. Зарлигийн дагуу хүүхдийг эцэг, эхээс нь тусгаарласан асуудлыг эрхэлсэн ажлын хэсэг байгуулсан аж.
“Би хууль гаргаагүй, муу бодлогыг залруулж байна. Д.Трамп АНУ-ын аюулгүй байдалд маш сөрөг зарлигууд гаргажээ” гэж Ж.Байден онцлон тэмдэглэжээ. Түүний гаргасан хоёр дахь зарлигт цагаачлах шалтгааныг арилгах, АНУ-ын хил дээрх орогнох эрх хүсэгчдийг зохион байгуулалтад оруулж, аюулгүй байдлыг хангахын тулд Умард болон Төв Америк даяарх шилжилт хөдөлгөөнийг зохицуулах бүс нутгийн бүх талыг хамарсан бааз суурь бий болгохоор тусгасан байна. Гурав дахь баримт бичиг нь тус улсын цагаачлалын тогтолцоонд итгэх итгэлийг сэргээх, шинэ америкчуудыг нэгтгэхэд чиглэжээ.
Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа ороод Ж.Байдены гаргасан эхний зарлигуудын нэгт Америк, Мексикийн хил дээр тогтоосон онц байдлын дэглэмийг цуцлахаар тусгасан билээ. Энэ дэглэм нь АНУ-ын Конгрессын зөвшөөрөлгүйгээр хил дээр хана босгох ажлыг санхүүжүүлэх боломж олгож байсан юм.