Венесуэлийн эрх баригчид АНУ-аас хориг арга хэмжээ авахаас зайлсхийхийн тулд Америкийн өмгөөлөгч Марша Вайсыг зургаан сая доллароор хөлсөлсөн тухай “Associated press” агентлаг мэдээлжээ. М.Вайс лоббидох үйл ажиллагаа явуулдаг, Америкийн Ардчилсан намыг дэмждэг нэгэн аж. Түүнтэй байгуулсан гэрээг Венесуэлийн төрийн мэдлийн нефть, хийн PDVSA компанийн Америк дахь салбараар дамжуулан 2017 онд хийсэн гэнэ. М.Вайс Венесуэлийн төлөөлөгчидтэй уулзахын тулд Каракаст очиж байжээ. Гэсэн ч тэрбээр PDVSA компаниас мөнгө аваагүй, Каракасын талд ажиллаагүй хэмээн мэдэгдсэн байна. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан Дональд Трамп Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээ авч байсныг дээрх мэдээлэлд дурдсан аж. М.Вайст тус компани амласан мөнгөнийхөө талыг өгсөн гэнэ. “Associated press” агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр хориг арга хэмжээнээс зайлсхийхэд тусалж чадаагүй М.Вайс мөнгийг буцаах ёстой гэжээ. Үүнээс өмнө АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Дэвид Риверт зөвлөх үйлчилгээ авсныхаа төлөө PDVSA 50 сая доллар төлж байсан тухай тус агентлаг урьд нь мэдээлсэн юм. Тэрбээр мөн Каракасыг хориг арга хэмжээнээс сэргийлэхийг оролдсон нь амжилтгүй болжээ.