Хятадын өндөр хурдны төмөр зам өнгөрсөн оны эцсээр 37 900 км болжээ. Энэ нь 19 800 км байсан 2015 оныхоос бараг хоёр дахин уртассан үзүүлэлт юм. Тус улс 2008 оны наймдугаар сарын 1-нд Бээжин, Тяньжин хотын хооронд өндөр хурдны анхны төмөр замаа тавьж байв. Өдгөө өндөр хурдны замын уртаар БНХАУ дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Өндөр хурдны шинэ галт тэрэг болох “Фусин”-ийг үйлдвэрлэхэд ашигладаг 254 гол технологийн 84 хувийг Хятадад боловсруулжээ. Тиймээс цагт 400, түүнээс дээш км хурдтай явдаг галт тэрэг үйлдвэрлэх технологийг хөгжүүлэх чиглэлээр тэргүүлж байгаагийн дүнд технологийн бүрэн бие даасан байдалд хүрснийг Инженерийн академийн академич Хэ Хуау тэмдэглэсэн аж. Тус улсын анхны “ухаалаг” хурдны төмөр замын шугамыг Бээжин-Жанчхүүгийн чиглэлд нээсэн бөгөөд галт тэрэгний автомат удирдлагыг хиймэл дагуулын байршил тогтоох “Бэйдоу” систем ашиглан гүйцэтгэдэг гэнэ. Уг шугамаар зорчих тасалбараа цахимаар захиалах, нүүр царай таних аргаар бүртгүүлэх, түүгээр зогсохгүй вагоноос шууд хоол захиалах зэрэг өндөр технологийн үйлчилгээ нэвтрүүлжээ. 500 мянга, үүнээс олон хүн амтай хотуудын 86 хувь нь хурдны төмөр замаар холбогдсон байна.