УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөс МАН-ын дарга У.Хүрэлсүхэд Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилохдоо жендерийн эрх тэгш байдлыг хангах санал хүргүүлжээ. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1.1-т “Томилогдох улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15, дүүрэгт 20, сумд 25, хороонд 30 хувиас доошгүй байх”-ыг заасан байдаг. Тэгвэл дээрх гишүүдийн хувьд гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүний 30-аас доошгүй хувь буюу таван сайдад эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэхийг хүссэн аж. 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөрт “Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангана” гэж тусгасан байна. Ийнхүү шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр ядуурал, эрүүл мэнд, боловсрол, байгаль экологи, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж зэрэг олон асуудалд шинээр байгуулах Засгийн газрын үйл ажиллагааг чиглүүлэх, жендерийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзжээ.