Цар тахалтай тэмцэх хүрээнд Засгийн газраас нь авсан арга хэмжээг эсэргүүцэн Амстердам, Эйндховен хотод жагсагчдыг тараахын тулд Нидерландын цагдаа нар даралттай ус шүршигч хэрэглэжээ. Эйндховен хотод ус шүршигч машины дугуй хагарсны дараа хэв журам сахиулагчид нулимс асгаруулагч хий ашигласан бол Амстердамд жагсагчид утаат бөмбөг шидэж эхэлсний дараа хүчнийхэн даралттай ус шүршигч, бороохой хэрэглэхэд хүрсэн гэнэ. Жагсагчдыг тараасны дараа тус хоёр хотод дэлгүүр дээрэмдэх, хогийн саванд гал тавих зэрэг хэрэг гарчээ. Эрх баригчдын зөвшөөрөлгүй болсон эсэргүүцлийн ажиллагаанд олон зуун иргэн оролцсон бөгөөд энэ үеэр цөөнгүй хүнийг баривчилсан байна. Тэдний олонх нь амны хаалт зүүгээгүй, 1.5 метрийн зай барих журмыг биелүүлээгүй гэнэ. Тус улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур тогтоосон хязгаарлалтын дэглэмийг ирэх хоёрдугаар сарын 9 хүртэл сунгаж, хүнс, нэн шаардлагатай барааныхаас бусад дэлгүүрийг хааж, биеийн тамирын заал, соёл, зугаа цэнгээний газруудын хаалгыг барьж, бүх сургуулийг зайны сургалтад шилжүүлжээ. Үүний үр дүнд коронавирусийн халдвар авсан болон нас барсан хүний тоо буурчээ. Мөн өнгөрсөн бямба гаргаас 21.00-04.30 цагийн хооронд хөл хорьсон байна. Эл журмыг зөрчсөн 25 хүнийг саатуулж, 3600 гаруй иргэнийг торгосон аж.