Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-ийн дунд суудлын хуралдаан оны босгон дээр болж, анхаарал татахуйц нэгэн дүгнэлт гаргалаа. Тодруулбал, иргэн Н.Ариунболд, Э.Түмэнбаяр, М.Мэндбаяр, М.Ганзориг, Б.Мэргэн, Д.Оросоо, Х.Нямдорж, Б.Баяраа, Х.Сэлэнгэ нарын гаргасан мэдээллээр үүсгэсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх маргааныг хянан хэлэлцсэн юм.
…Гэтэл өнөө болтол хэргийг нь сэргээн шалгаад, тохирох шийтгэлийг нь оноосон авлига, албан тушаалын гэмт хэрэгтэн алга. Харин албан тушаалгүй ардуудад л хуулийн заалт хачин чангаар үйлчилж, эрхийг нь зөрчиж байна гэж ҮХЦ-д мэдээлэл гаргасан нэр бүхий хуульчид үзжээ…
ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаас “УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-нд баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн “Шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, аравдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, арвандөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, арванесдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, далдугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг тус тус зөрчсөн байна” хэмээн дүгнэсэн.
Хуулийнхан л ойлгох албаны үг хэллэгтэй энэ товч мэдээнээс хуулийн ямар заалтууд яагаад Үндсэн хууль зөрчсөнийг олон нийт олж харах нь юу л бол. Тиймээс ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар яг ямар учиртай мэдээллийг хэлэлцсэнийг тодруулан хүргэе.
Цэцийн энэ удаагийн дүгнэлтийн олонх заалт нь хэдэн жил дараалан яригдаж буй, улигт хөөн хэлэлцэх хугацаатай шууд болон шууд бус хамааралтай. 2015 оны арванхоёрдугаар сард баталсан Эрүүгийн хуульд яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар зохицуулсан. Энэ нь олон улсын жишигт нийцсэн хувилбар гэж хуульчид хэлдэг. Гэтэл 2016 оны сонгуулийн дараа эрх баригч намынхны санаачилгаар уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтад ч гар хүрсэн.
Ингэснээр улс орон, олон нийтэд хохиролтой, “оймсны” хэмээн нэршсэн мэргэжлийн хяналтын байгууллагынхны авлигын хэрэг тэргүүтэй хээл хахууль, албан тушаалын хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болсныг бид мэднэ. Хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаар санаанд оромгүй тоо, баримтууд яригддаг. Энэ асуудал УИХ-ын чуулганы танхимд ч сөхөгдөж байв. Тухайлбал, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат “2017 оны долдугаар сарын 1-нээс хойш эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, авах гэмт хэргээр зүйлчилсэн 13 хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 2018 онд дөрөв, 2019 онд есөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” хэмээж байв. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “2019 оны аравдугаар сарын 20-ны байдлаар нийт 629 гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, 1200 гэмт хэрэгтэн ял аваагүй үлдсэн. Энэ бол хуулийн байгууллагаас авсан албан ёсны тоо. Үүнээс хойш ч хэргүүдийг хэрэгсэхгүй болгосоор байгаа. Энэ дунд авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг багтаж байна. Тун удахгүй авлигын 11 хэргийг хэрэгсэхгүй болгох нь” гэсэн.
Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг сэм өөрчилсөн нь нийгэмд хангалттай шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Асуудал дагуулсан дээрх заалтыг засахаар УИХ, Засгийн газар “би, чи”-дээ тулж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар хэрүүл уруулдаа хүрч байсан удаа ч бий. ХЗДХЯ алдааг засах үүрэг хүлээгээд, нэг төсөл цахим хуудсандаа байршуулсан ч түүнийгээ удалгүй “алга болгож”, хуульчдын дунд хэл ам гарсан тул дахин гаргаж ирсэн. Энэ мэтээр төслийг УИХ-д өргөн барихгүй хугацаа авч буйг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүмжилж, Ц.Нямдорж “Чиний тодрох гэсэн өвчин аминд чинь ч хүрч мэднэ шүү” хэмээн заналхийлж байсан нь 2019 онд болсон явдал. Хөөн хэлэлцэх хугацааны завхралыг арилгах төслийг ХЗДХ-ийн сайд жил гаруй ширээндээ дарлаа гэж дэд сайдаар нь ажиллаж асан Б.Энхбаяр мөн жиргэж байлаа.
Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн хийдэл, завхрал манай хууль тогтоогчдын санамсаргүй алдаа бус, магадгүй зориудаар, тооцоотойгоор хийсэн ажил байж мэднэ гэсэн логик эндээс харагддаг. Эрх бүхий байгууллага хуулийн хийдлийг засахгүй дарж, хугацаа авч, тодорхой бүлэг хүний хэргийг хэрэгсэхгүй болгох ашиг сонирхол байна уу гэсэн хардлага ч тухайн үед хуульчдын зүгээс гарч байлаа.
Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн зохицуулалт нийгэмд өргөн хэлэлцүүлэг, маргаан өрнүүлж, 2020 оны УИХ-ын сонгуульд гай болохуйц шүүмжлэлт сэдэв болсон тул эрх баригч намынхан 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль баталсан. Ингэхдээ 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хаагдсан хэргүүдийг сэргээн шалгах, эдгээр хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх заалт тусгасан. Өөрөөр хэлбэл, хуулийг буцаан хэрэглэх, 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш ямар нэг хэргийг хаахаар шийдвэрлэсэн хуулийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгохоор хуульчилсан гэсэн үг. Энэ нь олон нийтэд онцгой их таалагдсан. Учир нь иргэд “Авлигын хэргүүдийг сэргээж шалгах нь” гэж ойлгосон. Тухайн үед зарим нэг хуульч “2020 оны нэгдүгээр сарын 10-нд баталсан хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон” явдал боллоо. Энэ зохицуулалт нь Үндсэн хууль, эрүүгийн эрх зүйн суурь зарчмыг зөрчиж байна. Хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор, шүүхийн шийдвэрийг хууль тогтоох байгууллага хүчингүй болгох хууль гаргадаг жишиг ардчилсан улс оронд байхгүй. Ийм ойлголт хууль зүйн шинжлэх ухааны онол, түүхэнд үгүй. Энэ бол Монголын хууль зүйн шинжлэх ухааныг харлуулж, хүний эрхийг зөрчсөн явдал. Үүний сөрөг үр дагаврыг иргэд, хойч үе хүндээр амсана” гэж дуугарсан ч тэдний үгийг ойшоох хүн гараагүй.
Гэтэл өнөө болтол хэргийг нь сэргээн шалгаад, тохирох шийтгэлийг нь оноосон авлига, албан тушаалын гэмт хэрэгтэн алга. Харин албан тушаалгүй ардуудад л хуулийн заалт хачин чангаар үйлчилж, эрхийг нь зөрчиж байна гэж ҮХЦ-д мэдээлэл гаргасан нэр бүхий хуульчид үзжээ. Цэцэд хандсан хуульчдын нэг Х.Сэлэнгэ “УИХ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх зорилго нь зөв боловч арга нь буруу байлаа. Хууль тогтоох үйл ажиллагаанд гажуудал бий болгосон, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх болон хөөн хэлэлцэх хугацааны талаарх шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөгдөж, тогтсон ойлголтуудыг зөрчсөн эл хуулийг баталснаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын авлигын эсрэг конвенц, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан “Хүнийг ялгаварлан гадуурхахгүй, хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй”, “Нэг гэмт хэргээр дахин шийтгэхгүй”, “Эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн. Уг хууль нь хүний эрхийг зөрчөөд зогсохгүй, Үндсэн хуулийн үнэт зүйл, үнэ цэнийг алдагдуулж, төрийн бодлого гажуудах нөхцөл бүрдүүлсэн” хэмээсэн.
ҮХЦ ч тэдний мэдээллийг үндэслэлтэй гэж үзэж, дээрх хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Энэхүү дүгнэлтийг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. УИХ дахь МАН, АН-ын бүлэг уг дүгнэлтийг хүлээж авахгүй байхаар санал нэгдсэн гэсэн мэдээлэл байна. Хэрэв хууль тогтоох байгууллага баталсан хуулиа хамгаалж, Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, олон улсын гэрээ, конвенц, хууль, эрх зүйн онолыг зөрчсөн хуультай цааш явах, хүлээж авбал улигт хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг дахиж ярих асуудал босож ирэх нь.
Бэлтгэсэн: А.Амина