Дархан-Уул аймгийн Сум дундын шүүх тус аймгийн Төрийн сангийн тасгийн дарга Э.Наранбаатар, ЗДТГ-ын Санхүү эдийн засгийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Нямхүү нарын 10 хүнд холбогдох хэргийг дөрвөн өдрийн турш хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Тус аймаг дахь Сум дундын шүүх уг хэргийг дөрөв дэх удаагаа нэмэлт ажиллагаанд буцааж байгаа нь энэ.
Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шалтгаан нь шүүхээс даалгасан ажиллагааг хийдэггүйгээс болсон гэнэ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд мөрдөж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Д.Нямхүү, Э.Наранбаатар нар төсвийн байгууллагуудынхаа удирдлага, нягтлан бодогч нартай хуйвалдан их хэмжээний мөнгө зувчуулсан хэрэг 2004-2008 оны хооронд үйлджээ. Уг хэрэгт дээрх хоёр албан тушаалтнаас гадна 13 дугаар цэцэрлэг, IV сургуулийн нягтлан бодогч Т.Алтантуяа, аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын дарга Д.Баяраа, нягтлан бодогч Ш.Уранчимэг зэрэг 11 хүн холбогдоод байгаа юм.
Тэд Төрийн сангийн 400 сая төгрөгийг хуурамч баримт, гүйлгээ хийж завшсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж. Тэд төрийн сангийн төлбөр тооцоо хийх журмыг зөрчин анхан шатны баримт гүйцэтгэлгүйгээр санаандаа орсон тоог бичиж гүйлгээ хийж байсан аж. Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн, Нягтлан бодох бүртгэлийн тухай зэрэг хэд хэдэн хууль тогтоомж зөрчин мөнгө завшиж байсан гэнэ.
Тус аймгийн төсөвт байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарын 11 хүний зарим нь санаатайгаар мөнгө завшсан аж. Тухайлбал, Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын дарга Д.Баяраа, нягтлан бодогч Ш.Уранчимэг нар хуурамч баримт, гүйлгээ ашиглан тус бүр 20 гаруй сая төгрөг завшжээ. Д.Нямхүү, Э.Наранбаатар нарыг уг албан тушаалыг хашиж эхлэх үед Төрийн сангаас төсвийн байгууллагууд дээрх бэлэн мөнгө гаргадаггүй байж. Энэ байдлыг ашиглан тэд ярилцаж байгаад 2004 оны есдүгээр сарын 30-нд “Зоос” банкинд 2402009638 дугаартай Н.Баатархүү гэдэг хүний нэрээр данс нээжээ. Гэтэл Н.Баатархүү гэдэг хүн нь амьдрал дээр байгаагүй. Э.Наранбаатар нь танил талаа ашиглан тус банкинд хуурамч данс нээсэн байжээ.
Тэд энэ дансаа ашиглахаас гадна “Хустын хойд салаа” ХХК-ийн дансыг ч ашиглан хуурамч гүйлгээ хийж байсан аж. Шүүгдэгчид 2004 оны есдүгээр сарын 30-наас хойш Төрийн сангаар дамжуулан хийсэн их хэмжээний үнийн дүн бүхий гүйлгээний зориулалтыг өөрчлөх, төсөв ерөнхийлөн захирагч нараар хуурамч данс руугаа гүйлгээ хийх зэргээр төсвийн хөрөнгөөс маш ихээр тоншжээ.
Тэд төсвийн төдийгүй төс лийн хөрөнгийг ч хувьдаа ашигласан аж. Тухайлбал, “Баяжуулсан хүнс-Дархан” гэх төслийн 160 гаруй сая төгрөгийг завшсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэнэ. Мөрдөн байцаалтын шатанд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Нямхүү “Тухайн үед Төрийн сангаас төсвийн байгууллагуудын бэлэн мөнгийг гаргадаггүй байсан. Тиймээс Э.Наранбаатартай ярилцаад “А Жи Би зууч” гэж иргэд, аж ахуйн нэгжид олгох бэлэн мөнгийг өөрийн дансаар дамжуулан гаргаж гурван хувийн шимтгэл авдаг данс нээсэн. Бид “Зоос” банкныхантай утсаар яриад зохиомол нэрээр дансаа нээлгэсэн. Гарын үсгийн баталгааг нь нэг сарын дараа хийлгэсэн.
Би Э.Наранбаатарт итгэж түүний үйлдэлд нь хяналт тавьдаггүй байсан. Тэр л ийм хууль бус үйлдэл хийсэн” гэжээ. Харин Төрийн сангийн тасгийн дарга Э.Наранбаатар “Н.Баатархүүгийн нэр дээрх дансыг манай дарга Д.Нямхүү нээлгэж, ашиглаж байсан. Би түүний өгсөн төлбөрийн даалгаврын дагуу л данснаас бэлэн мөнгө авч байсан” гэжээ. Харин энэ хэрэгт гэрчээр тайлбар өгсөн “Зоос” банкны нэг теллер “Н.Баатархүүгийн 2402009638 дугаартай данснаас Э.Наранбаатар зарлагын гүйлгээ хийлгэж байсан. Уг нь бид Э.Наранбаатарт өгөх ёсгүй л дээ. Түүнийг таньдаг учраас л Н.Баатархүү гэсэн данснаас мөнгө олгодог байсан” гэжээ.
Дархан-Уул аймгийн нотариатч З.Энхболд “Э.Наранбаатар манай ажил дээр ирж Н.Баатархүүгийн гарын үсгийн баталгааг өөрийн нэрийг хавсарган хийлгэсэн” гэжээ. Ингэж танил тал, найз нөхөдтэйгээ нийлэн төсвийн хөрөнгийг үрэн таран хийж байсныг АТГ-ынхан илрүүлэн өдгөө Дархан-Уул аймгийн шүүхээр шийдвэрлэхээр болоод байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан энэ хүмүүст прокурорын байгууллагаас “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан”, “Төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.
Гэвч мөрдөн байцаалт, прокурорын шатанд зарим хүний хэргийг 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан аж. Тус аймгийн Сум дундын шүүхийнхэн уг хэргийг дөрвөн өдөр хэлэлцээд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, прокурорын шатанд Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Э.Наранбаатар, Д.Нямхүү нарын үйлдлийн улмаас улсын төсөвт учруулсан хохирлыг нарийвчлан тогтоохг үйгээр ерөнхий байдлаар дүгнэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж байгаа талаар, мөн улсын төсвөөс онц их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт шалгуулж байсан зарим хүнийг Өршөөлийн хуульд хамруулан прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон нь буруу байна гэж дүгнэжээ.
Г.РАВЖАА