Монгол Улсаас ОХУ-ын Тува улсын Кызыл хотод сууж байсан Ерөнхий консул Б.Ганцэцэгт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулсан ч 5.4 сая төгрөгөөр торгох ялыг нь хэвээр үлдээлээ.
Тэрбээр 2015 оны зургадугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сар хүртэл дээрх албыг хашихдаа Дипломат албаны тухай хуулийн 23.1 дэх хэсэгт заасан “Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын эхнэр буюу нөхрийг тухайн төлөөлөгчийн газрын ажлын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн үйлчилгээ, техникийн ажилд гэрээний үндсэн дээр ажиллуулж болно” гэсэн заалтыг хууль бусаар хэрэгжүүлсэн хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын Байгаль орчин, аялал, жуулчлалын хяналтын хэлтсийн даргаар өнөөг хүртэл ажилладаг нөхрөө дээрх Ерөнхий консулын газарт 2015 оны долдугаар сараас ёслол-үйлчилгээний ажилтан, техник үйлчилгээний ажилтан зэрэг албан тушаалд томилж, цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг улсаар төлүүлэн албан тушаалаа урвуулж, гэр бүлийн гишүүндээ давуу байдал олгон улсад 20.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгасан. Өөрөөр хэлбэл, түүний нөхөр МХЕГ-ын хэлтсийн дарга Д.Цэрэндаш тодорхой хугацаанд хоёр байгууллагаас үндсэн ажилтнаар цалин авч байсныг нийгмийн даатгалын байгууллагынхан ойлгомжгүй үйлдэл гэж үзсэн аж. Тиймээс эрх мэдлээ урвуулсан Б.Ганцэцэгт дээрх хэмжээгээр торгох ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасан, улсад учруулсан 20.7 сая төгрөгөөс 14.8 саяыг, түүний нөхрөөс 5.9 саяыг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн билээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа