Баянзүрх дүүргийн иргэн Ж.М гэдэг эмэгтэй 2013 оны аравдугаар сарын 31-нд гэрээсээ гараад сураггүй болсон тухай охин нь гурав хоногийн дараа цагдаагийн байгууллагад мэдэгдэж, улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ч тухайн үедээ олдоогүй юм. Харин ЭЦА-ныхан өнгөрсөн зун түүнийг бусдад хорлогдсоныг тогтоож, эрхэлсэн ажилгүй иргэн Ц.Ганбат гэх эр хөнөөснийг илрүүлсэн билээ. Тэрбээр хохирогчтой 2013 оны аравдугаар сарын 31-нд Баянзүрх дүүргийн нутаг дахь нэгэн караоке бааранд танилцаж, улмаар гэртээ дагуулан очоод хөнөөн, цогцсыг нь хашаандаа байдаг гүний худагт хийж, булсан байсан юм. Улмаар уг худгаа дахин ашиглах боломжгүй болгож, ул мөрөө баллахын тулд хашаагаа зарж нүүгээд зогсохгүй, нэрээ өөрчлөн Сүхбаатар дүүргийн нутагт амьдарч байсан юм. Долоон жилийн өмнө гарсан уг хэргийн мөрдөн байцаалтыг цагдаагийнхан шуурхай явуулж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг энэ сарын 8-нд хэлэлцээд Ц.Ганбатыг согтуугаар иргэн Ж.М-ийг дагуулан очиж, боомилон хөнөөсөн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1-1 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих ангид 15 жил хорих ял оноов.