Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Ц.Алтанцагт холбогдох эрүүгийн хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас энэ талаар тодруулахад “Иргэн Ц.Алтанцаг нь Д.Кёкүшюзан Батбаяртай уулзах үедээ нууцаар хийсэн бичлэгүүдээ эвлүүлж түүнээс эд хөрөнгө өгөхийг шаардан, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болох баримт, мэдээллийг тараана гэж сүрдүүлэн, заналхийлж 35 сая төгрөгийг авсан, бусдыг хууль бусаар мөрдөн мөшгисөн гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр шалгагдаж, шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Д.Кёкүшюзан Батбаяр нь уг хэрэгт хохирогчоор оролцсон юм. Гэхдээ Д.Кёкүшюзан Батбаяр нь хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Д.Батбаярын хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Одоогоор хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрх хоёр хэргийг нэг хэрэг мэтээр мэдээлэл гарч байгаа нь үндэслэлгүй бөгөөд Ц.Алтанцагт холбогдох хэрэг, Д.Кёкүшюзан Батбаярт холбогдох хэргүүд нь хоорондоо хамааралгүй, тусдаа гэмт хэргүүд юм” гэх хариултыг өглөө.