Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тээвэрлэлтийн тусгай горим шаардлагатай ачаанаас бусад ачаа барааг Эрээний өртөөнд вагонд шилжүүлэн ачиж тээвэрлэх чиглэлээр урд хөршийн төмөр замын байгууллагатай яриа хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрчээ. Үүний дагуу Замын-Үүд зангилаа шаардлагатай үед ажиллах хүний нөөцийн тооцоо гаргаж нөөцөд бэлтгэсэн байна. Ээлжийн ажилчдын хувийн ариун цэврийг сайтар сахиулах, аяга, тавгаа хооронд нь холихгүй байхаар зохицуулалт хийсэн гэнэ. Мөн Эрээнд ачилт эхлэхтэй холбогдуулан Авто тээврийн байгууллагаар дамжуулан жолооч, ачааны эзэдтэй холбогдож ачааг шилжүүлэн ачих үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгч байна. Ташрамд дурдахад “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн явуулж байна. Түүнчлэн өртөө, зангилааныхан хүнсний хангалт, нөөцөө сайтар бүрдүүлж, тасралтгүй ажиллах төлөвлөлт хийжээ.