Цар тахлын улмаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон ч хууль бусаар амьтан агнасан, эд эрхтнийг нь борлуулахыг завдан хадгалсан тохиолдол нэг бус гарчээ. Экологийн цагдаагийн албаныхан холбогдох байгууллага болон иргэдийн мэдээллээр хууль бус агнууртай холбоотой хоёр хэргийг илрүүлэн шалгаж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн иргэн Э гэх эмэгтэй гэртээ цоохор ирвэсийн арьс хадгалж байсныг хураан авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй гэнэ. Тэрбээр хууль сахиулах байгууллагын ажилтнуудад “Олон жилийн өмнө аав минь агнасан ангийн арьсыг гэртээ дэвссэн” хэмээн мэдүүлж байгаа ч 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуулийн 24.5-2 дахь хэсгийн “Нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан” гэх заалтыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Естийн рашааны орчимд 32 настай иргэн Э.А Монгол орны ховор амьтны жагсаалтад орж, агнахын хориглосон халиун буга агнажээ. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын нэг хэсгээс тэрбээр ийнхүү хууль бусаар амьтан агнасныг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, Экологийн цагдаагийн албаныхан хамтран илрүүлсэн бөгөөд эд мөрийн баримт болгож “Сайга” загварын бууг нь хураан, эрүүгийн хэрэг үүсгээд байна. Э.А-ыг Эрүүгийн хуулийн дээрх заалтын “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буйг эх сурвалжууд мэдээллээ. Хууль бусаар ан хийсэн иргэдийг 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих, халиун бугын экологи, эдийн засгийн үнэлгээ болох 7.5 сая төгрөгийг 2-3 дахин нугалж төлүүлэх хууль өнөөдөр үйлчилж буй.
Бэлтгэсэн: Г.Орчлон