Энэ долоо хоногт зарласан бүх шүүх хурлыг онлайн хэлбэрээр явуулна хэмээн шүүхээс мэдээллээ. Тухайлбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Э.Оюунчимэгийн холбогдсон “Жи-Тайм”-ын гэх тодотголтой хэргийг шүүнэ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 7-ны өдрийн №687 дугаар шийтгэх тогтоолтой уг хэргийг арванхоёрдугаар сарын 9-ны өдрийн эхний хурлаар хэлэлцэх нь. Үүнээс гадна “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны арванхоёрдугаар сарын 10-нд болно. Уг хэргийг сануулахад, “Улаанбаатар импэкс” ХХК-ийн буюу “Номин холдинг”-ийн захирал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан цагдаагийн байгууллагад хандан Б.Эрдэнэбат нь эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилсан тухай гомдлыг 2019 онд гаргасан байдаг. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг хэргийг хэлэлцээд 2020 оны наймдугаар сарын 6-ны өдрийн №525 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Эрдэнэбатад долоон жилийн ял оноож, 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг.