Хятадтай хамтарсан соёлын солилцооны таван хөтөлбөрөө АНУ зогсоосон тухай Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдээллээ. Эдгээр хөтөлбөр нь АНУ-ын төрийн албан хаагчдыг гадаадын мөнгөөр зорчих боломж олгодог байжээ. Хэдийгээр солилцооны зарим хөтөлбөр хоёр улсад ашигтай ч уг таван хөтөлбөрийг суртал ухуулгын хэрэгсэл хэлбэрээр БНХАУ-ын эрх баригчид бүрэн санхүүжүүлдэг хэмээн М.Помпео мэдэгдсэн юм. “Хөтөлбөрүүдэд Хятадын Коммунист намын албаны хүмүүс хяналт тавьдаг. Тус улсын эрх баригчид ард түмэндээ үгээ чөлөөтэй хэлэх, хуран цуглахыг зөвшөөрдөггүй” гэж тэрбээр хэлжээ. Сүүлийн үед Хятад болон Коммунист намын албаны хүмүүсийн эсрэг АНУ олон арга хэмжээ авсан. Тухайлбал, үндэстний цөөнхийг хавчин гадуурхсан, хүний болон Хонконгийн өөртөө засах эрхийг зөрчсөн зэрэг янз бүрийн зүйлээр шалтаглан хориг арга хэмжээ аваад буй билээ.