Хүүхэд төрөхдөө өөрийн эцэг, эхээ сонгож төрдөггүй нь харамсалтай. Цар тахлын үеийн онцгой нөхцөл байдал үүсэж дээр, дооргүй коронавирусийн халдварт анхаарал хандуулсан энэ цаг үед бяцхан үрээ хөсөр хаясан хэрэг гарлаа. Тухайлбал өнгөрсөн баасан гаргийн 07.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Toyota Sai” загварын автомашины тээшинд өлгийтэй хүүхэд уйлж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Иргэнээс 102 тусгай дугаарын утсанд өгсөн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, нярайг хаясан эмэгтэйг олжээ. Төрүүлсэн үрээ гээсэн хүн хувиараа хөдөлмөр эрхэлдэг 26 настай Б хэмээх эмэгтэй байж. Б нь энэ оны арванхоёрдугаар сарын 1-нд амаржиж, 50 см, 3.200 гр охин төрүүлжээ. Улмаар гурав хоногтойд нь гудамжинд хаяж явсан ч цагдаагийнхан хэргийг ийн илрүүллээ.