“Дорноговь аймаг дахь хилийн 0168 дугаар ангийг нүүлгэн шилжүүлж, анги байрлаж байсан хуучин газарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна” гэх мэдээлэл хэд хоногийн өмнө цахим орчинд тархсан. Үүнээс гадна “Улсын хилийн шугамыг дотогш 40км, 19 км ухраан татсан” гэх худал мэдээллийг зарим иргэд фэйсбүүкийн хуурамч хаягаас удаа дараа цацаж, олон нийтийг төөрөгдүүлсэн билээ. ХХЕГ-аас дээрх мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагад ханджээ. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж, цахим орчинд худал мэдээлэл түгээсэн иргэдийг тогтоосон байна. Улмаар Эрүүгийн хуулийн 13.14-1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ.