Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал байсан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н захирал асан Д.Ганболд, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард шүүгдэгч С.Баярцогтыг 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үедээ албаны эрх мэдлээ ашиглан эхнэрийнхээ хувь эзэмшдэг компанийг “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулж орлого олох боломж бүрдүүлэн улсад хохирол учруулсан, “Айвенхоу майнз” компанийн 150 000 ширхэг хувьцааг мэдээлэлд ойр байх эрх мэдлээ ашиглан худалдан авч, гэрээ байгуулагдсаны дараа буюу 2010 оны дөрөвдүгээр сард олон улсын хөрөнгийн захад уг хувьцааны ханш өсмөгц буцаан борлуулж 1.3 сая гаруй ам.долларын ашиг олсноосоо 1.2 саяыг нь Швейцарын банкаар дамжуулан оффшор бүсээс “Голомт” банканд шилжүүлэн байршуулж мөнгө угаасан, 2008-2012 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна Нүхтэд 853 сая шахам төгрөгөөр үнэлэгдэх хаус авсныгаа өөр хүний нэр дээр бүртгүүлж, хөрөнгөө нуусан, Зайсангийн “Белла веста” хотхонд 1.1 болон 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хоёр орон сууц, зогсоолуудыг худалдан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасаж, 10 жил хорих ял оноон, дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жилээр хасаж, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг “Оюутолгой” ХХК-ийн улсад төлөх татварын хэмжээг бууруулж, эрх мэдлээ урвуулсан буруутай гэж үзэн нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм.
Цар тахалтай холбоотойгоор шүүх хурлын оролцогчдыг нэг танхимд байлгахгүй, онлайнаар хэлэлцсэн бөгөөд шүүгдэгч таван хүн ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангиас, прокурорууд болон өмгөөлөгч нар нь Давж заалдах шатны шүүхийн байран дахь тусгай өрөөнүүдээс гаргаж буй гомдол, үндэслэлээ тайлбарлав. Шүүгдэгч таван хүн давж заалдах гомдлоо бүтэн хоёр цаг тайлбарласан бол өмгөөлөгч нар нь гурван цагийн турш үгээ хэлсэн. НПГ-ын гурван прокурор 17.20 цагийн цагийн үед дүгнэлтээ танилцуулж эхэлсэн бөгөөд тэднийг үгээ хэлж дууссанаар шүүх хурал завсарлаж шүүгч нар зөвлөлдөж эхэлсэн юм. Дугаар шилжих мөчид шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаагүй байв.
Бэлтгэсэн: Г.Равжаа