УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон. Тэгвэл уг хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Дараа нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэв. Тус зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд дөрвийнх нь бүрэн эрхийн хугацаа дууссан аж. Тиймээс гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг зургаан гишүүнтэй байгуулахаар тогтлоо. Мөн тус телевизийн захирлыг шинээр бүрэлдсэн Үндэсний зөвлөлийнх нь гишүүдийн саналаар томилох хэрэгтэйг гишүүд хэлсэн юм. МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын материалыг өчигдрийг хүртэл хүлээн авсан бөгөөд 17 хүн холбогдох баримт бичгээ ирүүлжээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос Д.Сумъяабазар нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Гэвч тэрбээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзан, нийслэлийн Засаг даргаар томилогдсон юм. Түүний оронд тус тойрогт нөхөн сонгууль явуулах бөгөөд товыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тогтоож, УИХ-аар хэлэлцэх байв. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулах санал гаргасан бөгөөд байнгын хорооны дарга үүнийг хүлээж авсан юм.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгаснаар УИХ-ын гишүүний орон тоо гарсан тохиолдолд түүнээс хойш 50 хоногийн дотор нөхөн сонгуулийг товлох ёстой. 50 хоногийн хугацаа нь энэ сарын 13-нд дуусна. Мөн энэ асуудлыг хэлэлцэх бэлтгэлийг хангаагүй байна. Улс төрийн асуудал учраас тодорхой хүрээнд ярилцах, зардлын тооцоог нь гаргах шаардлагатай” гэсэн юм.