Хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд олонх иргэн гэртээ өнжиж буй. Энэ өдрүүдэд тэдний цахим хэрэглээ эрс өсжээ. Харамсалтай нь, тэдний зарим нь интернэтээр мөрийтэй тоглож, эсвэл цахим гэмт хэргийн хохирогч болсоор байгааг цагдаагийнхан анхааруулав. Өөрөөр хэлбэл, цахим гэмт хэрэг, залилан энэ өдрүүдэд өсөх хандлагатай байгаа аж. Цахим гэмт хэрэг үйлдэгчдийн арга нарийссан бөгөөд ихэвчлэн хэн нэгний фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, ойр дотнын хүнээс мөнгөн тусламж хүсэн залилах, зээл чөлөөлөх, зээл олгох нэрээр танаас урьдчилгаа төлбөр байршуулахыг шаардах, үр дүнг урьдчилан таах боломжгүй мөрийтэй тоглоом, азын суглаа явуулах, бараа бүтээгдэхүүн худалдах нэрээр урьдчилгаа байршуулахыг шаардах зэрэг хэлбэрээр гарч буй. Гадаад улсын гэмт бүлэглэлийнхэн Монгол Улсын иргэдийг залилах гэмт хэрэг багагүй хувийг эзэлж байгааг цагдаагийнхан хэлсэн. Тухайлбал, олон улсад хөрөнгө оруулалтын гэж нэрлэгддэг залилангийн хэрэг хэд хэд бүртгэгджээ.
Гэмт этгээд хэргийг Монгол Улсын хилийн гаднаас үйлддэг. Ингэхдээ тэд иргэдийн оруулсан пост, сайтад оруулсан мэдээллийн дор “Сайн байна уу, ноёд хатагтай нар аа. Энэ мессеж бүх хүнд зориулагдсан. Бид Франц дахь хувийн зээлдүүлэгчид байна” гэсэн агуулгатай сэтгэгдлүүдийг үлдээдэг. Улмаар иргэд зээл авах хүсэлт гаргахад тэд хувийнх нь чатаар холбогдож зээл олгох болсноо мэдэгддэг гэнэ. Ингээд танаас зээлийн шимтгэл, гүйлгээний хураамж, татвар гэх мэтээр мөнгө нэхдэг аж. Манай иргэдээс цөөнгүй нь залилагчид итгэж мөнгө шилжүүлжээ. Хамгийн ноцтой нь иргэдийг гуйвуулсан мөнгө гадаад улсад шилжиж, хуулийн байгууллагад хандсан ч буцааж авах боломжгүй болдгийг цагдаагийнхан анхаарууллаа. Түүнчлэн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас Монголбанк, Голомт банктай хамтран “Ятгах тусам нягтал-2” урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлжээ.
Энэ оны аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр дүгээр сарын 26-ны хооронд улс даяар өрнүүлсэн аяны хүрээнд цөөнгүй хэрэг илрүүлсэн байна. Жишээ нь, манай улсын гадаад худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гаднаас ирсэн цахим шууданг нягтлах шаардлагатай аж. Гэмт бүлэглэлийнхэн аливаа албан байгууллага руу харилцагч талынхны өмнөөс цахим шуудан илгээж, төлбөрийн дансаа сольсон, өөрчилсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүсдэг гэнэ. Үүнийг нь манайхан нягтлалгүйгээр мөнгө шилжүүлснээр хохирогч болдог аж. Гэмт этгээдүүд харилцах и-мэйл хаягтай ижил боловч зөвхөн нэг цэг, тэмдэгтийн байрлалыг сольж хуурамч хаягаас төлбөрийн нэхэмжлэл илгээн мөнгө залилж авдаг аж. Тухайлбал, SEL_SoutheastAsia@seIInc.com хаягаар захиалгаа өгсөн боловч уг мэдээллийг дундаас гурав дахь этгээд олзлон авч и-мэйл хаягийг SEL_SouthаestAsia@seIInc.com болгож өөрчлөх маягаар залилан хийдэг аж. Үүнээс гадна банкны ажилтан, банкны нэр ашиглан залилах хэрэг хэд хэд бүртгэгдсэн байна. Залилагчид таны и-мэйл хаягт банкны албан ёсны мэт хуурамч шуудан илгээж, танаас банкны мэдээлэл асууж, баталгаажуулахыг шаарддаг. Гэтэл бодит амьдралд банкныхан хэзээ ч таны хувийн мэдээллийг асууж и-мэйл явуулдаггүй аж. Харин гэмт этгээд иргэдийн хувийн мэдээллийг мэдсэнээр цөөнгүй иргэнийг хохироож амжжээ. Анхааруулахад фэйсбүүкийн нэвтрэх нууц үгийг өөрийн төрсөн огноо, гар утасны дугаараар хийсэн иргэд хамгийн ихээр хохирчээ.