Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн хэрэгт холбогдсон УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, “Өгөөжтэй өв” ХХК-ийн удирдах албан тушаалтан С.Чинбат, Г.Эрдэнэ-Очир, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан Ц.Ганболд, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов тэргүүтэй 30 хүний гэм буруутай, эсэхийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлосон ч энэ сарын 21-нийг хүртэл хойшлууллаа.
Учир нь энэ хэргийн холбогдогчдоос нэр бүхий 10 шүүгдэгч Ховд, Сэлэнгэ, Дорноговь аймагт цар тахлын улмаас хөл хоригдож, хуралд оролцох боломжгүйгээ мэдэгдэж, хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан аж. Эл 30 шүүгдэгчийг дээрх тусгай хамгаалалттай бүсийн Цагаан эрэг гэх газарт “Өгөөжтэй өв” ХХК-ийн нэр дээр нөхөн сэргээлт хийнэ хэмээн хууль бусаар гянтболд (вольфрам) олборлож, гэмт хэрэг байнга үйлдсэн, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор нэр бүхий шүүгдэгч нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн, элссэн, хээл хахууль өгч, авалцсан хэмээн буруутгаж буй юм. Уг хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа С.Батзаяаг холбогдуулан шалгасан ч прокурорын байгууллагаас хэргийг нь тусгаарлаж, өдгөө хэрхсэн нь тодорхойгүй болов.
Бэлтгэсэн: Г.Орчлон