“Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан, үүсгэн байгуулагч Д.Баясгаланд холбогдох үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах тухай тогтоолыг НПГ-ын хяналтын прокурор баталж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд байна. Түүнийг “Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболдоос хоёр сая ам.доллар хууль бусаар авсан гэх хэрэгт холбогдуулан ийнхүү шалгаж эхэлсэн аж. Д.Баясгаланг Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт хамтатган шалгаж байв. Тодруулбал, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дүү Д.Баатарынхаа компаниар дамжуулж, “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан дөрвөн сая ам.долларын хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгасан ч АТГ-аас өнгөрсөн зургадугаар сарын 20-нд хэрэгсэхгүй болгох санал хүргүүлснээр НПГ-ын хяналтын прокурор Г.Батбаяр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хаасан юм. “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд 2018 оны арванхоёрдугаар сард “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Д.Дорлигжав нарт дөрөв байтугай сая ам.доллар өгсөн” хэмээн мэдэгдэж, нотлох баримтаа АТГ-ынханд өгсөнд нь үндэслэн тагнуулын байгууллагатай хамтран шалгаж эхэлсэн ч дээрх байдлаар хэрэгсэхгүй болгоод байв. Харин “Голомт” банкаар дамжуулан Д.Баатарын “Рекат Монголиа” ХХК-ийн данс руу шилжүүлсэн дөрвөн сая ам.долларынхоо хагасыг олж авч чадаагүй Т.Ганболд хууль хяналтын байгууллагад дахин гомдол гаргаснаар Д.Баясгаланд холбогдуулан энэ сарын эхээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэнэ. Улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэгт зааснаар бусдад онц их хэмжээний хохирол учруулж эд хөрөнгө завшсан, 265.2-ын “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учирсан” гэх үндэслэлээр мөрдөн шалгаж эхэлжээ. “Голомт” банкны үүсгэн байгуулагчийг өнгөрсөн оны нэгдүгээр сард яллагдагчаар тооцон шалгасан ч энэ оны зургадугаар сард хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байсан юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа