Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээл өмнөх жилүүдэд эзнээ олоогүйд иргэд шүүмжлэлтэй ханддаг. Монгол Улсад 93 858 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 66.3 хувь нь жижиг, дунд, бизнес эрхэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувийг жижиг дунд бизнес эрхлэгчдээс бүрдүүлдэг гэсэн дүн мэдээ байдаг. 2020 онд уг зээлд хамрагдахаар 1000 гаруй аж ахуйн нэгжийн эзэд төслөө бичиж Жижиг, дунд үйлдвэрийн газарт илгээжээ. Эдгээр төслөөс шаардлага хангасан 100 гаруй төслийг эцсийн шатанд шалгаруулсан байна.
Харин маргааш эдгээр төслийн эзэд цахим хуралд оролцож, бичсэн төсөл, үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтээ бодитой гэдгийг хамгаалах ёстой. Жижиг, дунд үйлдвэрийн газраас энэхүү шалгаруулалтын хурлыг маргааш нөгөөдөр лайваар шууд дамжуулна. Барьцаа хөрөнгийн асуудлыг энэ удаад маш сайн нягтлах гэнэ. Аж ахуйн нэгжүүд их хэмжээний зээл авсан ч эргэж төлдөггүй, барьцаа хөрөнгө нь үрэгдсэн зарагдсан гэх мэт асуудал үүсдэг. Зарим тохиолдолд эзэд нь ч олддоггүй. 2016-2020 оны хооронд УИХ-д ажилласан нэр бүхий гишүүн ЖДҮ-ийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авсан. Хамгийн багадаа 750 саяас дээш төгрөгийн санхүүжилт авсан олон хүнийг бухимдуулсан. Энэ удаагийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн шалгаруулалт цахимаар ийн нээлттэй явуулах нь.
Я.Эрдэнэсайхан: Нэн тэргүүнд ам, хамрын хаалт, ариутгах бодис халдваргүйжүүлэх бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ дэмжинэ
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай уг шалгаруулалтын талаар ярилцлаа.
-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгож буй хөнгөлөлттэй зээлийг нээлттэй, шударга зарчмаар олгож чадаж байна уу?
-Өнгөрсөн жил сонгон шалгаруулалт хийхдээ ирүүлсэн бүх төслийн материалыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, тулгалт хийгээд энэ аж ахуйн нэгжүүд төрийн өндөр албан тушаалтнуудтай хамааралтай байна уу, үгүй юу гэдгийг нэг бүрчлэн шалгуулсан. Энэ жил ч хууль, журмынхаа дагуу сонгон шалгаруулах учраас шударга, ил тод явагдана гэдэгт эргэлзэх хэрэггүй. Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх салбар чиглэлийг бүсчилсэн хэлбэрээр буюу баруун, төв, говийн зүүн бүс гээд тогтоосон. Баруун бүсэд гэхэд нэн шаардлагатай жижиг, дунд үйлдвэрлэл нь ямар бүтээгдэхүүн бэ гэдгийг нарийн судалсан. Үүнийхээ дагуу жил бүр зээл олгохдоо зээл олгох салбар чиглэлийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталдаг. 2020 оны хувьд дэлхий нийтийг хамарсан “Ковид 19” цар тахал гарсныг хүн бүхэн мэднэ.
Үүнтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн сайдын тушаалаар энэ жилийн зээл олгох, салбарын чиглэлийг батлахдаа нэн тэргүүнд амны хаалт, ариутгах бодис халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд онцгой анхаарсан. Эдгээр салбарыг шинээр оруулж ирсэн. Мэдээж уламжлалт салбар буюу ноос ноолуур, арьс шир үйлдвэрлэл багтана. Нэмж орж ирсэн нэг том салбар бол аялал жуулчлал. Аялал жуулчлалын салбар Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Дэлхий даяар энэ чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүд уналтад орсон. БОАЖЯ-аас маш олон удаа энэ салбарыг дэмжинэ үү гэдэг хүсэлт ирүүлсэн. Бид эл салбарын судалгаа тооцоог нь хийсэн. Худалдаа аж үйлдвэрийн танхимтай мөн хамтарч судалгаа хийж үзлээ. Судалгаагаар эдийн засгийн хувьд энэ салбарын 90 гаруй хувь нь "Ковид-19" цар тахлаас үүдэлтэй хямралд байна. Тиймээс энэ салбарыг бүр мөсөн унахаас нь сэргийлэхийн тулд 2020 онд аялал жуулчлалын салбарыг зээл олгох салбар чиглэлдээ оруулж бодлогоо тодорхойлсон.
-Төслийг хэдэн үе шаттай шалгаруулсан бэ?
-Төсөл сонгон шалгаруулах дөрвөн үе шаттай. Ирсэн 1579 төслөөс хоёрдугаар шатандаа 400 орчим аж ахуйн нэгж тэнцсэн. Өөрөөр хэлбэл 1100 төсөл хоёрдугаар шатандаа хасагдсан гэсэн үг. Гуравдугаар шатанд газар дээр нь очиж нарийвчилсан үнэлгээ хийхэд 250 гаруй аж ахуйн нэгж тэнцсэн байх жишээтэй. Эндээсээ бид Улаанбаатар хотын хэмжээнд төсөв сонгон шалгаруулах хорооны хурлаа маргааш цахимаар эхлүүлэх гэж байна. Хорооны хурлын дараа барьцаа хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй байгууллагаар хөрөнгийг нь үнэлүүлээд, гэрээ байгуулна. Үүний дараа санхүүжилт олгох асуудал яригдана.
-Хэзээнээс санхүүжилт олгох вэ. Төслөө өгчихсөн газруудад хүлээлт байгаа байх?
-Мэдээж журмаараа ондоо багтах, багтаах ёстой. Манай ажилтнууд зээл олгохоор ажлын өдрүүдэд уртасгасан цагаар, амралтын өдрүүдэд ч амрах завгүй ажиллаж байна. Ирэх онд олон улсын донор байгууллагуудын хөрөнгөөр 15 орчим тэрбум төгрөгийг жижиг, дундын салбарт зээл олгоно. Мөн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил гээд төсөл байдаг. За энэ төсөлтэй бид нар бас хамтарч ажиллана. Томоохон хэмжээний зээл хүссэн аж ахуйн нэгжүүдээ буюу дунд аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудлыг энэ төслөөс олгох ажлуудыг санаачилсан.
-Танайхан салбарт долоон хууль, гурван хөтөлбөр хэрэгжүүлж байна. Та бодлогын агентлагийг толгойлж байгаа хүний хувьд хууль эрх зүйн орчин хэр чадамжтай, сайн бүрдсэн гэж үзэж байна вэ?
-УИХ-аас Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг 2019 оны зургадугаар сарын 6-нд баталсан. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр ч бэлэн болсон. Үүний дараа Засгийн газрын хуралдаанаар “Зээл олгох журам”-ыг мөн батлуулчихлаа. Эдгээр алхмууд маань зээлийг ил, тод шуурхай зөв олгох тал дээр өнгөрсөн хугацаанд гарсан алдаа, дутагдлыг арилгах бодлогын бичиг баримт. Эдгээр бичиг баримтдаа тулгуурлан 2019 оны төсөл сонгон шалгаруулалтаа зохион байгуулсан. 2019 оны зээлийн журамд төрийн өндөр албан тушаалтан буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын гишүүн, Засаг дарга, агентлагийн дарга гэх мэт өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авахыг хориглосон заалт оруулсан.
Хуучин хуульд жижиг дунд гээд ангилсан боловч ялгамжтай ямар ч бодлого байгаагүй. Аль нь жижиг нь аль нь дунд вэ гэхээр ямар ч тодорхойгүй нэг саванд хийчихсэн байсан. Үүнийг 300 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой, 10 хүртэл ажилтантай байх юм бол бичил, нэг тэрбум хүртэл жилийн борлуулалттай, 50 хүртэл ажилтантай бол жижиг, 2.5 тэрбум төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой 200 хүртэл ажилтантай бол дунд үйлдвэр байна гээд гурван тусдаа саванд хийгээд ангилж өгсөн. Шинээр батлагдсан 2019 оны Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль боломжийн сайн хууль. Мэдээж шинэчлэх шаардлагатай хууль байгаа. Манайх Жижиг, дунд үйлдвэрийн газар гэдэг нэртэй агентлаг боловч жижиг, дунд үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээ гэсэн салбарын бодлого, хэрэгжилтийг хангаж ажилладаг. Энэ өдрүүдэд Улсын их Хуралд “Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ыг хийхээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна.
-Жижиг, дунд үйлдвэр улсын эдийн засгийн ачааг үүрэлцдэг гол салбар. Тэднийг бодлогоор хэрхэн дэмжиж байна вэ?
-Дэлхийд ч ялгаагүй энэ салбарынхан гол ачааг үүрдэг. Маш олон хүнийг ажлын байраар хангадаг салбар. Хөдөлмөрийн насны хөдөлмөрлөж байгаа иргэдийн дөрвөн хүн тутмын гурав нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хөдөлмөрлөж, өөрөө өөрийгөө тэжээж, компанийн ажилчдынхаа амьдрал ахуйг залгуулаад явж байна. Тийм ч учраас дэлхий нийт жижиг, дунд үйлдвэрийнхээ салбарыг дэмждэг. Өөрөөр нь бие дааж амьдрах цаашлаад цөөхөн ч болтугай хэдэн хүнийг аж амьдрал, ахуйтай болгодог салбар учраас төрөөс бодлогоор дэмжиж өгдөг. Зээл олгох санхүүжилтийг төсөвтөө тусгаад явдаг шүү дээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2009- 2019 он хүртэлх хугацаанд 79800 зээлдэгчид 968 тэрбум төгрөгийн зээл олгосон.
-ЖДҮ-үүдэд олгох зээлийн эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлэв?
-Өнгөрсөн хугацаанд 688 мянган тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зээлийн сандаа бүрдүүлсэн. Үүнээс Засгийн газрын бонд 290 орчим тэрбум төгрөгийг, Хөгжлийн банкны бондоос, улсын төсвөөс 180 орчим төгрөг тэрбум төгрөг бүрдүүлсэн. Зээл олгосон нь 968 тэрбум төгрөг. Эргэн төвлөрүүлсэн хөрөнгөө буцаан зээлсээр 968 болсон. Өөрөөр хэлбэл, 100 төгрөгөө танд зээлүүлээд 110 болгоод авсан гэсэн үг. Дараачийн хүн дахиад 110 төгрөг зээлнэ. Ингэхээр чинь хоёр дахин үржигдэнэ шүү дээ. Тэгээд нэмэгдсээр 968 тэрбум болж байгаа юм. 2020 оны төсвийг 2019 онд УИХ-аар баталсан. Ингэхдээ 50.4 тэрбум төгрөгийг төвлөрүүл гэсэн үүрэг өгсөн.
-Зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 262 тэрбум төгрөг, 1124 зээлдэгчтэй бий. Үүнээс зээлийн эргэн төлөлт тодорхой хэмжээгээр доголдсон буюу 90-ээс дээш хоногийн хугацаа хэтрэлттэй 360 орчим аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн эргэн төлөлтийг сайжруулахын тулд цөөнгүй ажил хийсэн. Жижиг, дунд үйлдвэрийн газар дотроо Хууль, тусгай активийн хэлтэс байгууллаа. Банкны өр барагдуулах албатай адилхан үүрэгтэй гэсэн үг. Харамсалтай нь, энэ хэлтэс маань зургаа долоохон хүнтэй. 360 орчим өрөө төлөхгүй байгаа үйлдвэрлэгчийн араас хөөцөлдөнө гэсэн үг шүү дээ. 2019 онд зөрчилтэй байсан зээлүүдээс 6.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол 2020 онд аян зохион байгуулаад 12 тэрбум төгрөг төлүүлсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх онтой харьцуулбал хоёр дахин их эргэн төлөлт төвлөрүүллээ.
“Ковид-19” цар тахлаас үүдэн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан бүх салбар үйл ажиллагаа доголдоод ирсэн. Тиймээс зээлийн эргэн төлөлтийг нь хойшлуулъя гэдэг шийдвэр гаргаад 100 гаруй компанийн хүсэлт хүлээн авч эргэн төлөлтийг хойшлуулсан. Үүнтэй холбоотой эргэн төлөлтөд орж ирэх мөнгө багассан. 2020 оны аравдугаар сарын байдлаар 28 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дансанд төвлөрүүлсэн байна. Яг өнөөдрийн байдлаар 18 орчим тэрбум төгрөг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дансанд байна. Сангийн яамтай байгуулсан гэрээний дагуу Засгийн газрын бондын төлбөртөө 3.3 тэрбум төгрөг төлнө. Тэгэхээр энэ мөнгө маань буцаад 15 тэрбум болох нь. За ингээд оны эцэс хүртэл буцаад 18 тэрбум болох болов уу.
-Орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгоод эхэлсэн. Зээлийг ямар шалгуураар өгч байна вэ?
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас орон нутагт зээл олгох эрхийг нь олгосон. Тухайлбал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум гэж бодоход тэнд яг хэн нь жинхэнэ үйлдвэрлэл эрхэлдэг юм. Хэн нь зүгээр цаасан дээр төсөл бичээд зээл аваад өөр юм хийгээд байна вэ гэдгийг орон нутгийн иргэд мэднэ. Тийм учраас орон нутагт нь эрх өгөөд 2019 оноос тодорхой хөрөнгийг тусгасан. Ингэхдээ орон нутагт тус бүр нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Цар тахалтай холбоотойгоор эргэн төлөлт хойшлогдож хүндрэл үүссэн учраас нэг тэрбум гэж төлөвлөснийгөө 500 сая болгож бууруулсан. Өнөөдрийн байдлаар гурван аймгийн 20 гаруй компани зээлээ авчихаад байна. Үлдсэн аймгууд ихэнх нь төсөл сонгон шалгаруулах дэд хорооныхоо хурлыг хийгээд манайд хүсэлтээ ирүүлж байна.
-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр 2019-2020 онд хэрэгжих ёстой. Төсөвт мөнгө батлахгүй бол хөтөлбөрийн хоёр дахь шат хэрэгжих үү?
-2019 онд гурван хөтөлбөр батлуулсан. Хөтөлбөрийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу бүх яамдаас санал авдаг. Сангийн яамнаасаа санал аваад хийх ажлын төсвөө тусгадаг. Сангийн яам хянаж үзээд батлах боломжтой байдлаар зөвшилцсөний үндсэн дээр хөтөлбөрт тусгадаг. Энэ мөнгө 2021 оны улсын төсөвт хараахан суусангүй. Бид нар ямар ч байсан олон улсын байгууллага, дотоодын нөөц бололцоогоо ашиглаад хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.