Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурц нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцээд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. Өөрөөр хэлбэл, 2020 оны долдугаар сарын 22-ны МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм. Ингэхдээ шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Харин цар тахал дэгдэж, хөл хорио тогтоосон эл өдрүүдэд шүүгдэгч нарыг батлан даалтад сэм гаргасан байна. ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат болон О.Бямбажав, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/ болон 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт буруутгагдсан. Тодруулбал, тэд төр нийгмийн зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон хохирогчийн эхнэр Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн хэрэгт нэр холбогдсон билээ.