Цахим орчинд буюу Фэйсбүүкт “Хөдөө орон нутгийн иргэдэд туслалцаа үзүүлнэ” гэх групп нээн бусдыг хууран мэхэлж байсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулжээ. Гэмт этгээдүүд дээрх групптээ “Тусламж үзүүлнэ” гэх зар байршуулж, хандсан иргэдэд хуурамч бичиг баримт буюу нас барсны гэрчилгээг 250 мянган төгрөгөөр борлуулж байжээ. Улмаар нэр бүхий иргэд хуурамч бичиг баримт ашиглан хяналт шалгалтын постоор нэвтрүүлсэн 12 тохиолдол гарсан аж. Эрүүгийн цагдаагийн албанаас гэмт хэрэгтнүүдийн үйлдлийг таслан зогсоолоо. Улмаар 35 настай Б, 33 настай У нарыг үргэлжлүүлэн шалгаж байна. Энэхүү хуурамч бичиг баримтыг авсан орон нутгийн иргэд яг одоо Булган аймгийн Рашаат сум дахь хяналтын постоор нэвтрэх боломжгүй байдалтай гацсан байна. Буяны үйлчилгээ үзүүлдэг компаниудын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн Б, У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 буюу Залилах, 23.2 Хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн Б нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст залилах гэмт хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.