“Иргэн Д.Мягмарсүрэнг цагдаа нар зодож хүнд гэмтээлээ” гэсэн мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан. Цагдаагийн байгууллагын эх сурвалжаас энэ талаар тодрууллаа. Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны 03.11 цагт иргэн “Б”-ээс “Манай нөхөр согтуу агсам тавиад байна” гэсэн дуудлага ирсэн гэнэ. Мэдээллийн мөрөөр тус дүүргийн цагдаагийн хэлтсээс тухайн айлд очиж шалгахад, 1980 онд төрсөн иргэн Д.Мягмарсүрэн нь согтуу, нүд нь хөхөрсөн хамраас нь цус гарсан байдалтай байжээ. Гэр бүлийнхэн нь хүсэлт тавьсны дагуу тухайн иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн аж. Иргэн Д.Мягмарсүрэн нь эрүүлжүүлэх байранд ирээд “Хэвлий хэсгээр өвдөж байна” хэмээсний дагуу эрүүлжүүлэхийн эмч 103 дугаарт дуудлага өгч үзүүлсэн юм байна. Улмаар Д.Мягмарсүрэнг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, хэвлийн хөндийн мэс засалд шуурхай оруулсан гэнэ. Мэс засал амжилттай болж, тухайн иргэн үргэлжлүүлэн эмчлүүлж байна. Түүнчлэн өвчтөний биеийн байдал хэвийн байгаа аж. Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас анх Д.Мягмарсүрэнгийн гэрт дуудлагаар очиход түүний эхнэр, хүүхэд байсан бөгөөд цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерт болсон үйл явдал, автомашинаар эрүүлжүүлэх байр хүргэсэн, эрүүлжүүлэх байранд орсон зэрэг бүх дүрс бичигджээ. Дээрх камерын бичлэг болон гэр бүлийн гишүүдийн тайлбараар Д.Мягмарсүрэнг цагдаагийн алба хаагчид зодоогүй болох нь тогтоогдсон байна. Харин цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Иргэн Д.Мягмарсүрэн цагдаа нарт зодуулж, нарийн гэдэс нь тасарчээ” хэмээх худал мэдээллийг гаргасан этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.