Цахим орчинд 2020 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд архи, пиво худалдаалахаар зар байршуулсан 56 хаяг, Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом зохион байгуулж, мэдээлэл байршуулсан 28 хаягийг тогтоон цагдаагийн байгууллагаас шалган хариуцлага тооцсон байна.
Мөн Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хүн ам олноор цуглардаг барааны зах, худалдааны төв, баар, зоогийн газар, ресторан, караокены үйл ажиллагааг түр зогсоосон.
Үүнтэй холбоотойгоор цахим орчинд архи, согтууруулах ундааг зохих зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдан борлуулах зөрчил үйлдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас хяналт тавьж фэйсбүүк хаяг ашиглан зөрчил гаргаж байгаа 56 хаягийн мэдээллийг тогтоон шалгалтын ажиллагаа явуулж архи, согтууруулах ундаа 72 ширхэг, Зөрчил үйлдэхэд ашигласан 7 тээврийн хэрэгслийг түр саатуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйл: Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйл: Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих. Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, эсхүл түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.