Сэлэнгэ аймгийн иргэн, Ц түүний бэр мөн 10 настай хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарсан. Тухайн бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил мэдээлэл хийв. Тэрбээр “Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, коронавирусийн тохиолдол дахин бүү илрээсэй хэмээн бид бүх чадлаараа ажиллаж байна. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Улсын онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагууд ирж зөвлөгөө өгсөн. Бид иргэн Ц-гийн явсан маршрутыг тогтоож, баталгаажуулахаар ажиллаж байна. Яаравчлан нийтэд зарлаж боломжгүй. Хамгийн гол нь өвдсөн хүмүүсийнхээ сэтгэлзүйг дэмжих хэрэгтэй, өвчин авснаа ч мэдээгүй явсан тэр хүүхэд, өндөр настан, багшид буруу байхгүй гэдгийг дахин дахин хэлье. Эерэг байж хамтын хүчээр аюулт өвчнийг дарах хэрэгтэй” хэмээв. Улмаар аймгийн хэмжээнд 0 зогсолт хийсэн байна. Тиймээс онцын шаардлагагүй, шаардлагатай байсан ч гарах хөдөлгөөнөө хязгаарлаж, гэртээ байхыг тус аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Мөн цагдаа, онцгой байдлын ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлэхийг хүслээ. Төмөр замын цэцэрлэгийн багш, түүний бэр болон тавдугаар ангийн хүүхдээс нь илэрсэн коронавирус цаашаа тархах магадлал өндөр байгааг тэд ийн анхааруулав.