“Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох бусдаас 20 тэрбум төгрөг залилж авсан, мөнгө угаасан гэх эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн наймдугаар сард хэлэлцсэн. Улмаар “Эрэл-ийн ”Б.Эрдэнэбатад долоон жилийн ял оноож, эхнэрийг нь цагаатгасан билээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэх байсан ч шүүгчдэгч Б.Эрдэнэбат өмгөөлөгч нэмж авах хүсэлт гаргаснаар шүүх хурлыг хойшлууллаа. Хэргийг эргэн сануулбал, “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайхан нь Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан “Ариг” банк, “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) үйлдвэрт тодорхой хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигч болжээ. Тодруулбал, 2016 оны арваннэгдүгээр сард тэд хамтран ажиллах гэрээ байгуулж, Ш.Баярсайхан банкны ашиг, үйлдвэрийн орлогоос хувь хүртэхээр тохирсон байна. Бүр тодруулбал, Ш.Баярсайхан “Ариг” банк, БҮК-1 үйлдвэрт хөрөнгө оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр буцаан авах гэрээ байгуулсан аж. Гэхдээ Б.Эрдэнэбат гэрээний үүргээ биелүүлэлгүй ашиг, орлогоо хувьдаа зарцуулсан гэнэ. Харин Ш.Баярсайхан өөрийгөө залилуулсан хэмээн үзэж, Б.Эрдэнэбатыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан юм.