Төрөөс мал аж ахуйн салбараа дэмжих бодлогын хүрээнд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор инженерийн хийцтэй худаг байгуулахаар ХХААХҮЯ-наас сонгон шалгаруулалт зарласан ч хөрөнгийг нь луйвардсан тохиолдол цөөнгүй гарсныг бид өнгөрсөн хавар мэдээлж байсан билээ. Гэвч эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, худаг барих хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад одоо болтол шүүх хариуцлага тооцохгүй байгаа нь харамсалтай. Манай улсад 2017 оны байдлаар хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах зориулалттай 43.8 мянган худаг байж. Эдгээрийн 13.6 мянга нь инженерийн хийцтэй, гар худаг гэсэн судалгаанд үндэслэн ХХААХҮЯ-наас 2017, 2018 онд бэлчээр, отрын бүсийн усан хангамжийг сайжруулах зорилгоор 20 аймгийн нутагт 3.3 тэрбум төгрөгөөр 180 худаг байгуулах тендер зарласан аж. Үүнд нь 25 компани шалгарч, ажил гүйцэтгэсэн байна. Тухайн үед бэлчээрт ашиглаж буй худгийн 70 гаруй хувь нь хүчин чадал багатайгаас болж нэг цэг дээр малын бөөгнөрөл ихэссэн, инженерийн хийцтэй худгийн хүрэлцээ бага байгаад үндэслэн ийм арга хэмжээ авсан юм.
Гэвч тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд худаг гаргаж буй орон нутгийн холбогдох байгууллагын албан тушаалтнуудтай нийлж төсвийн хөрөнгийг луйвардаж, завшсан, хоосон баримтаар төлбөрөө авч мөнгө угаасан нь шалгалтаар тогтоогдсон. Тодруулбал, Завхан аймгийн тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнууд болох Н.Ломбохүү, Э.Балжинням нарыг эрх мэдлээ урвуулж Завханмандал сумын нутагт инженерийн хийцтэй хоёр худаг барих тендерт шалгарсан компани ажлаа огт хийгээгүй байхад барилгыг хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгт холбогджээ. Тэдний эл ёс зүйгүй үйлдлийн уршгаар ХХААХҮЯ-наас гүйцэтгэгч компанийн данс руу санхүүжилт хэмээн 36 сая төгрөг шилжүүлснээр хэдийгээр бага хэмжээтэй мэт боловч улсын төсөвт хохирол учирчихаад байгаа юм. Тэдэнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Завхан аймаг дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн аж. Харамсалтай нь, Завханы шүүх, прокурорын байгууллагынхан уг хэргийг шийдвэрлэхгүй, шалтгаангүйгээр удаашруулж байгаа гэхэд хэлсдэхгүй. Хамгийн сүүлд гэхэд Завхан аймгийн Сум дундын шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн өнгөрсөн хоёрдугаар сард хэвээр нь баталжээ. Ингэснээр тус шүүхээс 3-4 удаа үл ялих шалтгаар буцаасан байна. Энэ нь магадгүй нэг нутаг усныхан бие биеэ таньдаг, шүүгч, прокуроруудтайгаа найз нөхөд болсон учраас ийм байдлаар удаашруулж, хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгахыг санаархаж байж болзошгүй нь.
Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр яллагдагч Н.Ломбохүү нь хэдхэн хоногийн өмнө болсон Цэцэн-Уул сумын ИТХ-д МАН-аас нэр дэвшээд ялагдсан байна. Харин нөгөө яллагдагч нь нэр дэвшихээр бичиг баримтаа бүрдүүлсэн ч АТГ-аас эрүүгийн хэрэгт холбогдсон гэсэн лавлагаа орон нутагт нь очсон учраас нэр дэвшүүлээгүй сурагтай.
Ташрамд дурдахад, Завханаас гадна бусад аймаг, сумд ч тендерт шалгарсан зарим аж ахуйн нэгжийнхэн инженерийн хийцтэй худаг шинээр барих ажлаа огт хийгээгүй, цооног ухаад орхисон атлаа бүрэн гүйцэтгэсэн мэтээр баримт бүрдүүлсэн, тогтоосон цэгт буюу малын бэлчээрт бариагүй, сумын төвийн айл, аж ахуйн нэгжийн хашаанд барьсан нь ч илэрсэн юм.