“Их тэнгэр” цогцолборт хадгалж байсан, Монголын орчин цагийн уран зургийн нэрт 12 төлөөлөгчийн 17 бүтээлийг Засгийн газрын шийдвэрээр Уран зургийн галерейн сан хөмрөгт шилжүүллээ. Тэдгээр бүтээлийг 1950-1970 оны үед туурвисан бөгөөд Ардын зураач М.Цэмбэлдоржийн гурав, Г.Цэрэндондог, Ц.Будбазар, Д.Амгалан нарын тус бүр хоёр бүтээл байгаа аж. Уран зургийн шилдэг бүтээлүүдийг тус галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн бөгөөд ирэх сарын 10 хүртэл үзэгчдэд толилуулах гэнэ.
Хадгалах орчин нөхцөлөөс шалтгаалан зарим бүтээлийг сэргээн засах шаардлагатай болсон аж. Тухайлбал, монгол уран зургийг шиллээгүй, хурц гэрэлд байрлуулснаас үүдэн зотон нь хатаж, будаг нь ховхорсон, урагдаж, цоорсон зэргээр гэмтсэн байжээ. Манай улсад урлагийн бүтээлийг сэргээх засах цор ганц газар байдаг нь Соёлын өвийн үндэсний төв. Тэд мэргэжлийн баг гарган, дүн шинжилгээ хийсний дараа хэчнээн бүтээл сэргээн засахыг эцэслэн шийдэх юм.
Ардын зураач Дагдангийн Амгалан “Жаахан шаргын нутагт” хэмээх бүтээлээ 1965 онд туурвисан байна. Тэрбээр төрсөн нутгийнхаа өнгө жавхааг буулгасан бөгөөд зурагт соёл урлагийг түгээн дэлгэрүүлж буй үйл явдлыг дүрсэлжээ. Галерейн хамт олон уг зургийг хосгүй үнэт бүтээлд нэр дэвшүүлэх төлөвлөгөөтэй гэнэ.
Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг