ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн сарын сүүлчээр тусгай ажиллагаа явуулж, “Найман шарга” валют арилжааны төвийн орчмоос хоёр залууг саатуулан, мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тэд Малайз, Филиппин зэрэг орноос Нигерийн хар тамхины наймаачдын гар хөл болсон манай улсын харьяат иргэдийн шуудан илгээмжээр авсан мансууруулах бодисыг залууст дамладаг бүлгийн наймаачид гэнэ. Улаанбаатар хотын харьяат “Жоби” хочтой Түвшинжаргал гэх эрийн олон улсын шуудан илгээмжээр хүлээн авсан мансууруулах бодисыг энэ залуус хэрэглэгчдэд борлуулж байсан бөгөөд нэг бус удаа ийм хэрэг өдүүлснийх нь дараа баривчилсан юм байна. Харин хилээр шуудан илгээмж нэрээр бараагаа хүлээн авсан Түвшинжаргалын тухайд хууль сахиулагчдад гурав дахь удаагаа баригдаж буй гэнэ. Мансууруулах бодис хүлээн авч, худалдан борлуулсан хоёр удаагийн үйлдлийг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн, цагдан хорьж байсан ч шүүхээс төд удалгүй гаргасан ажээ. Энэ эр Малайз, Филиппин зэрэг оронд амьдардаг Нигерийн хар тамхины наймаачидтай холбогдож “бараагаа” захиалан илгээмжээр хүлээн авдаг бөгөөд хамгийн сүүлд нэг кг гаруй буюу хоёр тэрбум 500 сая төгрөгийн үнэд хүрэх мансууруулах бодис шуудан илгээмжээр ирсэн нь түүний захиалсан бараа байв.
Хилээр энэ их хэмжээний мансууруулах бодис оруулж ирж байхад гаалийнхан юу хийж байв гэж зарим хүн бодох нь гарцаагүй. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд мэргэжлийн хяналтын байгууллагынхан ачаа тээшинд үзлэг хийж, ариутган, халдваргүйжүүлж улсын хилээр нэвтрүүлж буй билээ. Түүнтэй холбоотойгоор гаалийн хяналт суларсан байх магадлал өндөр байгааг далимдуулан тэрбээр гурван ч удаа маш их хэмжээгээр мансууруулах бодис оруулж ирсэн бололтой.
Бидэнд олдсон мэдээллээр “Жоби” хочтой Түвшинжаргал гэх дээрх эр өмнө нь хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдон БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконгийн шүүхээс есөн жил хорих ялаар шийтгүүлсэн юм байна. Уг ялаа эдэлж байхдаа Нигерийн хар тамхины мафийнхантай сүлбэлдэж, барааг нь борлуулж өгөхөөр тохиролцсон гэдэг. Тэрбээр ялаа эдэлж дуусахад нь тус бүсээс албадан гаргаснаар эх орондоо ирж, гэмт үйлдлээ үргэлжлүүлж буй бололтой.
Бэлтгэсэн: Г.Равжаа