Хэн нэг этгээд “Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумаас энэ сарын 18, 19-нд хүүхэд хулгайлахыг завдсан” гэх агуулгатай мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд байршуулсан. Харин цагдаагийнхан дээрх мэдээлэл ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдэв. Энэхүү ташаа мэдээлэлтэй утга агуулга ижил мэдээг 2017 онд ч тарааж, олон нийтийг төөрөгдүүлж байжээ. Тухайн үед цагдаагийн байгууллагаас мэдээллийг шалгахад нэгэн иргэн хүүхдийн яриагаар үг хийж фэйсбүүкт мэдээлэл оруулснаас дуулиан гарч байжээ. Үүний улмаас тус сумын хүүхэд хамгааллын баг тухайн этгээдтэй уулзаж бичсэн зүйлийг нь устгуулсан аж. Мөн сумын бүх камерыг шүүсэн байдаг. Улмаар хүүхэд хулгайлахыг завдсан тохиолдол гараагүй, хуурамч мэдээлэл болохыг тогтоож байжээ.
Гурван жилийн өмнөх хуурамч мэдээллийг ямар зорилгоор дахин тараасныг нь тогтоохоор цагдаагийнхан шалгаж байна. Мөн цахим орчинд гарч буй худал, ташаа мэдээлэлд итгэлгүй, цахим сүлжээнд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой аливаа мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс асууж, тодруулж байхыг хүссэн юм. Худал мэдээлэл тараасан нь нотлогдвол Эрүүгийн хуулийн 13.14-д зааснаар хариуцлага тооцдог билээ.