Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Дамба-Очирт холбогдох хэргийг хэлэлцээд, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, ял оноосон билээ. НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох” гэх үндэслэлээр ял төлөвлөсөн юм. Тэрбээр “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяртай хамтран төсөл бичиж, тухайн үеийн ХХААХҮЯ-ны сайд Б.Батзоригт нөлөөлж, ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөг зээлжээ. Тодруулбал, Ц.Мянганбаярын хүү М.Батын үүсгэн байгуулсан ч үйл ажиллагаа явуулж байгаагүй “Саппир стоун” ХХК-ийн нэр дээр гантиг чулуу боловсруулах үйлдвэр барина хэмээн төсөл бичсэн аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс эл хэргийг хэлэлцээд, түүнд анхан шатны шүүхээс оноосон, нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хасаж, гурван жил зургаан сар хорих ялыг хэвээр үлдээв.