Хоёр жилийн өмнө монголчууд зуныг хар мэдээгээр дүүрэн өнгөрүүлснийг мартаагүй байх. Сургууль, гэрийнхээ орчинд тоглож байсан хүүхдүүд амиа алдсан тохиолдол зуны турш ойр ойрхон гарсанд бухимдсан нэгэн настан “Цуврал алуурчин гэдэг шиг энэ нийгэм хүүхдүүдийн амийг ээлжлэн сорох болжээ” гэж билээ. Бусдын буруугаас болж багачууд, хүүхдүүд цаг бусаар одож байгаа талаар бид өдөр өнжихгүй сонсдог болсон нь настныг тийнхүү “харгис” үг хэлтэл бухимдуулсан нь гарцаагүй. Түүний үг дэндүү хатуу санагдан хиртхийж билээ. Гэхдээ бидний амьдарч буй орчин, нийгэм цуврал алуурчин шиг болсныг хүлээн зөвшөөрөхгүй байх аргагүйг сүүлийн үед болсон үйл явдлууд дахин илтгэлээ. Энэ сард гэхэд л Яармагийн авто зам дээр таван настай охин амиа алдсан тухай шуугиан намжаагүй байтал хэлд ч ороогүй ангаахай шиг нэгэн зүрхийг хар сэтгэлтэн тасалсан нь нийгмийг цочирдууллаа. Үүний дараа бас л хар мэдээ.
Нэг айлын дөрвөн сайхан үр гэртээ шатаж тэнгэрт халив. Ийм шалтгаанаар гурван хүүхэд нь хорвоогоос явж удам залгах хүүхэдгүй хоцорсон аав, ээж гашуудан гансарсан тохиолдол хэдэн жилийн өмнө Баянхонгор аймагт гарч байлаа.
Өнгөрсөн жил улсын хэмжээнд зам, тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд бэртэж, 49 зүрх цохилохоо больсон бол энэ оны эхний есөн сарын байдлаар 409 хүүхэд зам, тээврийн осолд өртсөний 53 нь нас баржээ. Үүнээс 0.8-8 насны 21 хүүхэд гэрийнхээ хашаанд машинд мөргүүлснээс болж нартаас явсан байна. Ховд, Дорнод, Сэлэнгэ, Орхон, Сүхбаатар, Төв, Хэнтий аймаг гээд хаа сайгүй хүүхэд цаг бусаар нас барсан уйтай мэдээ тасрахгүй нь. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр, 2020 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 91 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл, угаартсан, гэмтсэн гэх шалтгаанаар нас баржээ. Галын аюулд өртөн амиа алдсан нь 19. Мөн санаатайгаар хүүхдийн аминд хүрсэн хоёр тохиолдлыг цагдаагийнхан шалгаж байгаа аж. Энэ мэтээр дурдаад байвал зүрх зүсэм мэдээ хэдэн зуун хуудас болно. Өвчнөөр, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан нас баралтыг жагсаавал хэдэн мянга, сая хуудсаар хэмжигдэх буй за. Энэ бол тусдаа сэдэв.
Өнөөдөр бид гэртээ, гудамжинд, амьдардаг орчиндоо нийгмийн нүдэн дээр амиа алдсан “ирээдүйн” талаар ганц, хоёрхон өдөр шуугиад л өнгөрдөг болжээ. Томчуудын хайхрамжгүй байдал, албаны хүмүүсийн сэтгэлгүй хандлагаас хүүхэд амиа алдсан тохиолдол бүрт “Ингэж, тэгж гэнэ” гээд нас, хүйсийг нь тоочоод, мэдээлээд орхидог “жишиг” тогтчихсон байна. Одоо ийм эмгэнэлтэй байдлаа халахгүй бол бүгдээрээ хүүхэд хүчирхийлэгчээс ялгаагүй болох нь. Магадгүй нөгөөх настны хэлсэнчлэн “цуврал алуурчин” шиг нийгмийн ажиглагч төдий болох буй за.
Хүүхдийг цаг бусаар явуулахгүй байх тал дээр бултаараа, төрийн, засгийн хэмжээнд хэлэлцэж тодорхой гаргалгаанд хүрэхгүй бол алуурчин, хүчирхийлэгчдийг өөгшүүлэгчээс өөрцгүй. Одоо яах вэ?
Хаана хаанаа хариуцлагаа өндөржүүлж, шаардлага тавьж суръя. Өнгөрсөн зун 20 хүрэхгүй хоногийн дотор гурван хүүхэд амьдардаг орчиндоо цахилгаанд цохиулан нас барсны дараа ажлын хэсэг байгуулах төдийхнөөр хязгаарлалгүй дорвитой арга хэмжээ авч, эл шалтгаанаар дахин эндэгдэл гарахаас сэргийлсэн сэн бол, иргэд ч өрнүүлсэн хөдөлгөөнөө үргэлжлүүлж, хүүхдэд ээлгүй орчныг ил болгон давлагаалсаар байсан бол Дархан-Уул аймагт саяхан нэг хүү амиа алдахгүй байлаа. Тиймээс бүгдээрээ нийгмийн бурууд нүд, сэтгэл хурц байцгаая. Хүүхдийн эрхийг хаана, хэн зөрчиж байгааг илчилж, нийгмийн сүлжээгээр давлагаалаад зогсохгүй, холбогдох газарт нь мэдээлж, араас нь “хөөцөлддөг” болмоор байна. Айлын хүүхдүүд гэртээ шатаж байхад “Хог шатаж байна уу” гэж анзааргагүй өнгөрсөн нь нэг талаас хөршүүдийнх нь нийгмийн хариуцлага сул байгаагийн илрэл юм. Магадгүй бусдын хэрэгт хошуу дүрдэггүй “сайн” хүн болох гэж хэнэггүй аашлах нь ямар уршигтайг тэр нэгэн айлд тохиолдсон эмгэнэлт явдал өгүүлэх буй за. Тиймээс бүгдээрээ саахалттайгаа амь нэг байдаггүй юм гэхэд холбоотой байж, ялангуяа хүүхэдтэй нэгэндээ дэм болж амьдарцгаая.
Монгол Улс 2017 онд анх удаа хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах улсын байцаагчтай болж, 38 албан хаагчийг энэ чиглэлээр сургалтад хамруулсан байдаг. Хэд хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн байцаагчийн орон тоог 103-аар нэмэх тогтоол гаргав. Гэхдээ ийм ажилтан байснаар хүүхдийг элдэв эрсдэлээс хамгаалах нь юу л бол. Өмнөх нийгмийн үед хэсэг, хороодод иргэдийн эргүүл гэж сүрхий “цагдаа, сэргийлэгч” нар байлаа. Тэд ухамсраараа, чин сэтгэлийн дуудлагаар оршин суугаа орчиндоо хяналт тавьж, болзошгүй аюул, гэмт хэргээс сэргийлэхэд дорвитой хувь нэмэр оруулдаг байсныг мэдэх хүн өнөөдөр олон байгаа. Тэд цалин, шагнал урамшуулал авдаггүй, иргэний ухамсар, үүргийнхээ дагуу ажилладаг байсныг ч санахад илүүдэхгүй.
Хүүхдийн байцаагч, хороодын нийгмийн ажилтнууд сэтгэл дэвсэн ажилладаг байсан бол Сонгинохайрхан дүүрэгт долоо хүртэлх насны дөрвөн хүүхэдтэй тэр нэгэн айлд эмгэнэлт явдал тохиолдохгүй байсан ч юм бил үү. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй 53 албан хаагч (нийслэлд 30, орон нутагт 23) бий гэсэн. Ийм үүрэгтэй хүмүүс дээр дурдсан, бурхан болсон дөрвөн хүүхдийн ээж эрхэлсэн тодорхой ажилгүй, үе үе тэднийгээ цоожлоод ажил хайхаар, хийхээр явдгийг нь мэдэж болох байлаа.
Цагдаагийн байгууллагаас гаргасан статистикаар, сүүлийн гурван жилд 3378 хүүхэд гэмт хэрэг үйлджээ. 5043 хүүхэд гэмт халдлагад өртсөнөөс амиа алдсан нь цөөнгүй. Өдгөө өргөн фронтоор ажиллах болсон хүүхдийн байцаагч энэ мэт хэрэг, зөрчлөөс багачууд, хүүхдүүдийг хол байлгахад хамгийн гол нь чин сэтгэл гаргаасай гэж хүсье.
Нөгөөтээгүүр, хүүхэд нь цаг бусаар нас барсан нь аав, ээж, асран хамгаалагчдын хариуцлагатай холбоотой. Хүүхдийнхээ амьд байх, эрүүл амьдрах үндсэн эрхийг зөрчсөн эцэг, эхэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болъё. Хүүхдүүд зам, тээврийн ослоор амиа алдсан хэргийн 90 хувь нь эцэг, эхийн буруугаас болсныг албаныхан мэдээлэв. Тиймээс хүүхдийн төлөөх хариуцлагыг нийгмийн нэгж бүрт чангатгах ёстой. Эс бөгөөс хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь буурахгүй, хайхрамжгүй, завгүй эцэг, эхийн буруугаас эрүүл мэнд, амиараа хохирох нь ч багасахгүй. Монгол Улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль баталж, 2017 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл нь гэмт хэрэг, зөрчил гэдгийг нийгэмд ойлгосон нь сайн талтай. Одоо хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн хариуцлагыг өндөрсгөхийн тулд хуулиа чангатгая. Хамт амьдарч байгаа эрэгтэй нь хүүхдийг нь гоочлоод, нүд үзүүрлэж, айлгаж, ичээгээд байгааг мэдсээр байж “хэлээ хазаж” явсаар хүчирхийлэлд хүргэсэн ээж цөөнгүйг цагдаа нар дурдсан. Хамгийн харамсалтай нь, ийм тохиолдолд хүчирхийллийг давраасан ээж хуулийн өмнө ихэвчлэн хариуцлага үүрэхгүй өнгөрч байгаа нь “Би ч гэсэн хохирогч, хүүхдийг минь зоддог байсныг мэдээгүй” гэсэн мэдүүлэгтэй холбоотой аж.
Хойд хөршид иймэрхүү тохиолдолд эцэг, эх байх эрхийг нь хасах хүртэл шийтгэл ногдуулдаг болжээ. Тэр ч бүү хэл, санамсаргүй байдлаас болж хүүхдийнх нь амь үрэгдвэл эцэг, эхэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг юм байна. Жишээ нь, өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард залуу хос нялх хүүхдээ шөнө тагтан дээр хонуулжээ. Өглөө хүүхэд нь нас барсан байж. Үхлийн шалтгаан нь осголт. Хүүхдээ сэрүүхэн нөхцөлд сайн унтдаг хэмээсэн эцэг, эхэд хуулийн хариуцлага тооцсон байна. Гэхдээ ингэж асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг чангатгах хүртэл олон орос хүүхдийн амь эрсдсэн гэдгийг онцолжээ. Өөрөөр хэлбэл, бидэнтэй адил хайхрамжгүй аав, ээжүүдэд хариуцлага тооцдог тогтолцоо саяхныг хүртэл бүрэлдээгүй байжээ. Өнгөрсөн жил зөвхөн Москва орчмын бүс нутгийн шүүхийн шийдвэрээр 1200 гаруй хүний эцэг, эх байх эрхийг хассан нь хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр хойд хөрш хуулиа хэрхэн чангатгаж байгаагийн ганц жишээ юм. Хүүхдийн эрүүл мэнд, эрсдэлгүй орчинд амьдрах эрхэд гэр бүл, эцэг, эхийн үүрэг, хариуцлага ямар чухлыг ийнхүү мэдрүүлж байна.
Өдгөө ч Гэр бүлийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, хүүхдийн өмнө хүлээх насанд хүрэгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд өндөр торгуультай байх талаар мэргэжилтнүүд нь дуу хоолойгоо нэгтгэж байгаа аж. Зарим судлаачийн үзэж буйгаар, тоглож байгаад хүнд бэртэж, эрүүл мэндээрээ хохирсон хүүхдийнхээ өмнө эцэг, эх нь хариуцлага үүрэх ёстой гэж “хатуурхаж” байгаа гэнэ. Ингээд зогсохгүй хүүхдийг цаг бус үхэлд хүргэж байгаа нийгмийн шалтгааныг нарийвчлан судалж, хуульд тусгахыг ч санал болгож байгаа аж. Жишээ нь, манайд элбэг тохиолддог, хүүхдийг гэртээ удаан хугацаанд асран хамгаалагчгүй үлдээхийг хууль зөрчсөнд тооцуулахаар ярьж байгаа сурагтай. Ийм жишиг олон улсад бий. Тухайлбал, Британи, Францад 14 хүртэлх насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ ганцааранг нь үлдээхийг гэмт хэрэгт тооцдог гэнэ. Гэхдээ Оросын нөхцөлд ийм боломжгүй учраас хүүхдийн хараа хяналтыг “хамтралын” байдлаар шийдэх нь зөв гэсэн мэргэжилтэн олон байна. Өөрөөр хэлбэл, хорооны байцаагч, хөршүүдэд ч хүүхдийн аюулгүй байдал хамаатай гэж үзэж байгаа юм.
Гэр бүлийн харилцааны хувьд америкчууд хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьдаг. Тиймээс хүүхдээ өсгөх, оршин суух, хөгжихөд шаардлагатай нөхцөл бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй зарим тохиолдолд эцэг, эх байх эрхээ хасуулдаг. Ийм шийтгэл ногдуулах үндэслэл нь “хүүхэдтэй хэрцгий харилцах, сэтгэл зүйн хувьд ноцтой хохирол учруулан хүчирхийлэх” гэж заажээ. Хэрэв эцэг, эх нь орон гэргүй, эсвэл сэтгэцийн бэрхшээлтэй бол мөн л хүүхэд асран хамгаалах эрхийг нь хязгаарлах нигууртай юм байна. Ингэснээр хүүхдийн эрүүл, баталгаатай орчинд амьдрах эрхийг хангана гэж үздэг. Монголын өнөөгийн нөхцөлд энэ нь үлгэр. Гэхдээ хүүхдийн эрхийн төлөө эцэг, эхийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд хуулиар “далайлгахад” муу зүйлгүй мэт санагдана.
Нөгөөтээгүүр, хүүхдийн эрхийг хамгаалахад төр, засгийн бодлого чухал. Хүүхдийн эрхийн тухай конвенцод “18 нас хүртэлх хүн бүр хүүхэд бөгөөд эсэн мэнд бойжих эрхтэй. Улс орнууд хүүхдийн эсэн мэнд бойжиж, эрүүл хөгжихийг баталгаажуулах ёстой. Эцэг, эх хоёулаа ажил, хөдөлмөр эрхэлдэг тохиолдолд төрийн олон төрлийн үйлчилгээ үзүүлэх замаар хүүхдийн эрхийг хангах ёстой” хэмээн заасан байдаг. Монголд энэ заалтууд хамаагүй шахам байдгийг гэртэйгээ шатсан, цоожтой хаалганы цаана бүлтийгээд үлддэг мянга мянган зүрх гэрчилнэ.
Өнөөдөр бид томчуудын буруугаас болж амиа алдсан хүүхдүүдээ тоолоод, гаслаад суух бус, дорвитой шийдэлд хүрч, эрчимтэй хөдлөхгүй бол хэчнээн “ирээдүй” өнгөрсөн цаг болж “мартагдахыг” мэдэхгүй. Хүүхэд гашуун дурсамж болоод үлдэх учиргүйг дахин дахин сануулъя.