Олны анхаарал татсан хоёр ч хэргийг шүүхүүд хэлэлцэхээр товлоод байв. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал А.Гантулга тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцэх байсан юм. Э.Бат-Үүлийг албан тушаалаа урвуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, хүү Б.Чулуудайгийнхаа “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард тав, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн.
Б.Чулуудай захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар” банкнаас 3.3, Туркийн “216 Япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авч, түүнийгээ төлөхийн тулд компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа бүгдийг нь шилжүүлсэн хэрэгт холбогдсон билээ. Уг хэргийн нэг холбогдогч Д.Жаргалсайханы ар гэрт гачигдал гарсан үндэслэлээр хурлыг хойшлуулах захирамж шүүгч гаргав. Ингэснээр эл хэрэгт холбогдогчдын гэм буруутай, эсэхийг дэнслэх хурал найм дахь удаагаа хойшилсон юм. Мөн Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсийн давж заалдах гомдлыг хэлэлцэж эхэлсэн. Гэвч талууд давж заалдах гомдол, эсэргүүцлээ хэлж, ялтнууд тайлбараа хэлсээр атал 20.00 цаг болж, хурлыг өнөөдөр 10.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр түр завсарлалаа.
Бэлтгэсэн: Г.Равжаа