ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам болон Р.Октябрь, Б.Амаржаргал, Ш.Нэргүй нарын 26 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Шүүгдэгч нар гэм хорын мөнгөө төлж, гэм буруугаа хүлээжээ. Улмаар өмгөөлөгчдөөрөө дамжуулан хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтээ прокурор, шүүхэд гаргажээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх боломжгүй хэмээн хүсэлтийг хүлээн авсангүй. Улмаар гэм буруугийн шүүх хурлыг хийх нь зөв гэж үзэв.
АТГ-аас тэднийг шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 22.4-3-д заасан хахууль авах, 22.5-1 дэх хэсгийн хахууль өгөх гэсэн зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлджээ. Хэрэгт холбогдогсдын нэг Н.Чимэдлхам нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат хуульч С.Нямжавын охин гэнэ. Хэрэгт холбогдсон аж ахуйн нэгжүүдийн удирдлага нь эрүүл мэндийн тусгай зөвшөөрөл авахын тулд ЭМЯ-ны газрын дарга ажилтнуудад авлига өгч байсан гэнэ. Энэ мэтээр эрүүл мэндийн салбарынхан авлига, албан тушаалын хэрэгт холбогдох нь цөөнгүй. Тийм ч учраас АТГ-ын төлөөлөл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай уулзаж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн хэргээс хол байж, шударга ажиллахыг анхааруулж байсан удаатай.