“Эвийн хүч эх нутгийн төлөө” болон “Босоо хөх монгол” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр гуравдагч этгээд буюу “Бадрах энержи” ХХК-ийн жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитын дүгнэлт гаргуулах болон газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж байгааг зогсоох хүсэлт гаргажээ. Шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр эдгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. Харин нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд дуудагдсан гэрч ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, ирэх сарын 10-ны 10.00 цагт хийхээр товлов. Дээрх төрийн бус байгууллагууд “Бадрах энержи” ХХК-д олгосон Дорноговийн аймгийн Улаанбадрах сумаас уран олборлох тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүсэж буй билээ.