Авлигатай тэмцэх газрын төлөөллүүд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай ажлын уулзалт хийв. Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн энэ үеэр барилга, хот байгуулалтын салбар дахь авлигын нөхцөл байдлын талаар танилцуулжээ. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон бусад хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр цаашид анхаарч ажиллах зарим асуудлыг онцлов. Тодруулбал, тэрбээр “Барилга, хот байгуулалтын салбарын шударга байдлын үнэлгээний үзүүлэлт сүүлийн хоёр жилд өссөн нь авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл. Тухайлбал, барилгын салбар дахь төрийн зарим үйлчилгээг мэргэжлийн холбоодоор шилжүүлэн гүйцэтгүүлж байгаа. АТГ-аас Барилга, хот байгуулалтын яаманд авлигын шалтгаан, нөхцөлийг бууруулах чиглэлээр хэд хэдэн зөвлөмж хүргүүлж байсан. Тодорхой ажлууд хийгдсэн боловч зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй гарлаа.
Тиймээс цаашид авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хоёр тал нягт хамтран ажиллах шаардлагатай” гэв. Харин Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Манай яамны хувьд мэргэжлийн холбоодод тусгай зөвшөөрөл олгох, барилгын зураг, төсөл гүйцэтгэх, худалдан авах ажиллагааны гүйцэтгэл зэрэг асуудлуудаар авлигын эрсдэл, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй байгаа тул АТГ-тай зайлшгүй хамтран ажиллах хүсэлтэй байна. Санаандгүй байдлаар алдаа эндэгдэл гаргахгүй байх, авлигаас урьдчилан сэргийлэх үүднээс арга зүйн зөвлөгөөг АТГ-аас тухай бүр авч ажиллана” гэв. Уулзалтын дүнд барилга, хот байгуулалтын салбарт төрийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтнуудаас хөрөнгө, орлогын мэдүүлэг авдаг байх, цахим үйлчилгээг төгөлдөржүүлэх, авлигын эрсдэл бүхий дүрэм, журмуудыг хянах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийх, худалдан авах ажиллагааны явцын хяналтыг бүрдүүлэх, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг шинэлэг арга хэлбэрээр явуулах, олон нийтийг ил тод мэдээллээр хангах ажлыг сайжруулах зэргээр хамтран ажиллахаар тогтлоо.