Дэлхий дэх Хятадын нөлөө хэдийн тогтоон барих боломжгүй болтлоо газар авсан гэж тус улсын зураач, улс төрийн идэвхтэн Ай Вейвей ВВС-д ярилцлага өгөхдөө мэдэгджээ. “Өрнөдийнхөн хэдэн арван жилийн өмнө л Хятадыг анхаарах ёстой байсан юм. Одоо ингэх нь хэдийн боломжгүй болсон. Учир нь тасалбал их мэдрэгдэхээр харилцааг Өрнөдийнхөн Хятадтай тогтоожээ. Чухам тиймээс Хятад улс ингэж их зан гаргаж буй” гэж дэлхий даяар алдартай зураач өгүүлсэн байна. Төрөлх эх орных нь тухай ярихад Ай Вейвей огт татгалздаггүй. “Энэ бол цагдаа улс” хэмээн тэрбээр мэдэгджээ.
2008 оны олимпын наадамд зориулан Бээжинд барьсан “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг гаргахад оролцсон энэ хүн Хятадын эрх баригчдыг шүүмжилснийхээ дараа ноцтой асуудалд “унасан” аж. 2015 онд тэрбээр Берлинийг зорьж, өнгөрсөн жил Кэмбрижид очсон байна.
Хятад улс эдийн засгийн асар их хүчээ ашиглан өдгөө улс төрийн нөлөөтэй болсон гэж Ай Вейвей үздэг. Үнэхээр ч сүүлийн үед тус орон шийдэмгий бөгөөд өөртөө итгэл төгс буйгаа харуулах болжээ.
10 жилийн өмнө Хятадыг нэлээд “даруухан” улс мэтээр дэлхий нийтээр төсөөлдөг. Засгийн газар нь “Гэрлээ нууж, цаг нь болохыг хүлээ” гэсэн уриатай байв. Хятад урьдын адил хөгжиж буй улс, өрнөдийнхнөөс сурах зүйл олон гэж улстөрчид нь мэдэгддэг байсан. Си Зиньпин төрийн эрхэнд гарч, 2012 онд Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга, дараа жил нь улсын удирдагч болсон. Тэрбээр шинэ өнгө аястай болж, түүнээс өмнөх даруу байдал хойш тавигдаж, “Ололт амжилтын төлөө зүтгэ” гэсэн шинэ уриа дэвшүүлсэн байна. Туйлын ядуу 250 орчим сая хүнтэй учир Хятад улс ямар нэг байдлаар өдгөө хөгжиж буй улс гэгдсэн хэвээр. Гэсэн ч тус улс хэдийн дэлхийд хоёрт жагсах эдийн засагтай орон болж, ойрын 10 орчим жилд АНУ-ыг гүйцэж түрүүлэн, нэгт бичигдэнэ. Хятадын нөлөө дэлхий даяар улам бүр мэдрэгдэхийн хэрээр Америкийн хүч эрс суларч буй.
Гренланд, Карибын арлуудаас Перу, Аргентин хүртэл, Өмнөд Африк, Зимбабвегаас Пакистан, Монгол хүртэл БНХАУ-ын улс төрийн нөлөө улам өсөн нэмэгдэж буйн тодорхой шинж тэмдгүүдийг би өөрийн нүдээр харж байна.
Иргэдийг нь Төрийн тэргүүний хувиар Британийн хатан хааныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзуулахын тулд Барбадос улсад шахалт үзүүлсэн хэмээн Хятадыг Британийн парламентын Гадаад хэргийн хорооны дарга Том Тугендхат саяхан буруушаасан. Өдгөө Хятад улс бараг дэлхий даяар үлэмж нөлөөтэй болсон. Эрх ашгийг нь өчүүхэн төдий хөндсөн ямар ч улс “шан” хүртэж байна. Далай лам Даунинг-стритэд зочилсны дараа Британи, Хятадын харилцаа шууд л гүн хөрсөн.
Харин саяхан Чехийн парламентын дарга Тайваньд айлчлахад Хятадын өндөр албан тушаалтай нэг улстөрч “Хятадын Засгийн газар болон нийт ард түмэн Чехийн парламентын дарга, түүний ард буй Хятадын эсрэг хүчнүүдийн илэрхий өдөөн хатгалгатай тулгарчихаад гар хумхин суухгүй бөгөөд үүний төлөө өндөр үнэ төлөхөд хүргэнэ” хэмээн анхааруулжээ.