Унгарын Мишкольцийн их сургуульд хүрээлэн буй орчны инженерээр магистрантурт суралцаж буй Э.Адъяасүрэн тус улсад жил бүр болдог Байгаль орчны зөвлөгөөнд оролцох болжээ. Байгаль орчинд тулгамдсан, дэлхий нийтийн асуудлуудыг авч хэлэлцдэг эл томоохон арга хэмжээнд тэрбээр “Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэх аж. Тиймээс Монголд энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудаас холбогдох статистик, баримт цуглуулж буй гэнэ. Э.Адъяасүрэн “Улаанбаатарын ойр орчимд төвлөрсөн гурван хогийн цэг бий. Тэдгээрээс ялгардаг хорт хий агаарт тархаж, ялзмаг нь газарт нэвчихдээ хөрс, ус бохирдуулах эх үүсвэр болдог. Улмаар бидний эрүүл саруул аж төрөх эрхийг хязгаарлаж байна. Тиймээс энэ асуудлыг хөндөж, шийдэл эрэлхийлэхийг зорьж буй” гэв.