-Өрнөдийнхөн түүнийг ямар ч эрсдэл гаргахад бэлэн гэдгийг хэзээд дутуу үнэлдэг. Оросыг тойрсон цэрэггүй бүс байгуулах нь түүний дараагийн зорилт-
Владимир Путин энэ сард азтай байлаа. Оросын хэмжээлшгүй эрх мэдэлтэн тэрбээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бүх нийтийн санал хураалтад ялж, 2036 он хүртэл төрийн эрхэнд байх замаа цэвэрлэв. Мөн Путин Вашингтонд ээлжит удаагаа олны зэвүүцлийг төрүүлж. Оросын цэргийн тагнуулынхан Афганистан дахь Америкийн цэргүүдийг хөнөөхийн тулд “Талибан” хөдөлгөөний босогчдод мөнгө санал болгосон гэсэн мэдээлэл энэ үеэр гарчээ.
Шинэ төрлийн коронавирус болох “Ковид-19”-ийн цар тахал Америкийг Хятадтай бүр ч ширүүн өрсөлдөхөд хүргэсэн бол тус улсаас дутуугүй хүчтэй хэрнээ дарангуйлагч гүрэн болох Оросын илүү түрэмгий сүрдүүлэг ойрын хугацаанд үгүй болохгүй.
Гэвч эл сүрдүүлэг чухам юунд оршиж байна вэ? ОХУ бол Хятад биш, дэлхийд тэргүүлэхийн төлөөх тэмцэлд АНУ-д сорилт болох эдийн засгийн хөдөлгүүр ч биш. Энэ бол Европын дийлэнх хэсгийг эзлэх чадал бүхий цэргийн хүчтэй, дэлхийг өөрчлөх үзэл суртлын амбицтай санаа тээсэн хүйтэн дайны үеийн ЗХУ биш. Путиний Орос орон АНУ-ын тэргүүлсэн дэлхийн хэв журмыг эвдэн, алдсан нөлөөгөө сэргээхийн тулд байгаа нөөц бололцоогоо далайцтай ашиглаж байна. Орос тэргүүтэй олон улсын хэв журам тогтоохын төлөө Путин өрсөлдөх боломжгүй. Гэсэн ч тэрбээр дэлхий ертөнцийг илүү эмх замбараагүй, түрэмгий байдалд эргэн оруулахын зэрэгцээ улс орондоо геополитикийн нөлөөний амтыг мэдрэх боломж олгож чадна.
Эл шунахайрал Оросын хил дотор сэргэж байна. Тодруулбал, хуучин Зөвлөлтийн орон зай хийгээд Зүүн Европын зарим улсад нөлөөний хүрээгээ сэргээхийг Путин хүсэж буй. Варшавын гэрээ хүчингүй болсноор Москвагийн алдсан стратегийн орон зайг сэргээхийн тулд буулт хийгч орнуудын хүрээлэлтэй болохыг тэрбээр чухалчилжээ. Энэ нь мөн Оросын хилтэй ойр ардчилсан улсуудын үзэл суртлын хортой нөлөөний аюулыг багасгахад тус болох юм.
Ийм л зорилго Гүрж, Украин руу халдахаас эхлээд Төв Азиас Балтын тэнгис хүртэлх орнуудтай харилцахдаа цэргийн хүчээр далайлгах, эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх арга хэрэглэсэн Путиний 10 гаруй жилийн үйл ажиллагааны үндэс суурь болж байв. Энэ нь Умард Атлантын холбооны зүүн хязгаарт НАТО-той харилцахад Москвагийн байр суурийг бэхжүүлэх учиртай зэвсэгт хүчнээ эрс шинэчлэх залуур байлаа. Мөн эл зорилго АНУ-д ноцтой асуудал үүсгэж буй. Учир нь гадаадын гүрнүүдийн шахалтгүйгээр геополитикийн чиг баримжаагаа сонгож, улс төрийн шийдвэр гаргачих орнууд бүхий чөлөөтэй, энх тайван байдалтай Европыг бий болгохыг зорьсон хүйтэн дайны дараах үеийн стратегийн нэг гол зорилт үгүй болох эрсдэлтэй аж.
Нөлөөний хүрээгээ сэргээх эрмэлзэл нь НАТО, Европын Холбоо зэрэг институцийг сулруулж, үүгээр дамжуулан Өрнөдийн нөлөө Москвагийн хилд хүрэх гэсэн хоёр зорилготой давхцаж буй. Хүчтэй Өрнөдийнхөн сөрж буй цагт улс орныг нь хүрээлэн буй орнуудад ноёрхох боломж Путинд байхгүй. Ардчилахыг үнэт зүйлсээр тунхагласан институцүүд Орост ойр байгаа цагт тэрбээр дарангуйллын засаглалдаа өөрийгөө аюулгүй буйг мэдрэх боломжгүй. Тиймээс Путин эдгээр байгууллагын нягтралыг сулруулахаар шийджээ. Ингэхдээ сэтгэл дундуур, эсвэл либерал бус гишүүдийг талдаа татан, Европыг ОХУ-ын эрчим хүчнээс улам хараат болгон, НАТО-гийн сул дорой гишүүдэд Москвагийн өмнө тэднийг эмзэг болохыг сануулж буй. Ерөнхийлөгч Дональд Трампын үед Европтой тогтоосон харилцаагаа сүйрүүлж, эсвэл тус тивийн аюулгүй байдлыг хангах үүргээсээ татгалзаж буй (жишээ нь, шийтгэл болгон цэргээ гаргасан) АНУ Путиний өмнөөс түүний амбицтай төлөвлөгөөнүүд хэрэгжихэд саад болж буй институцүүдийг нь сүйтгэж байна.
Гуравдугаарт, Путин өөрийн бий болгож, өндийлгөсөн, хуучин Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалах хорооны ашигладаг стратегийг хэрэглэх замаар дайсныхаа хуарангийн улс төрийн тогтворгүй байдлыг ихэсгэдэг талтай. Либерал ардчиллын хямралыг ОХУ бий болгоогүй. Гэхдээ Путин байдлыг хэрхэн дордуулах, үзэл суртлын өрсөлдөөнийг дэвэргэх, хагаралдуулахаа мэднэ.
Европ дахь либерал бус барууны хөдөлгөөнүүдийг дэмжих, Америкийн улс төрийн туйлшрал дээр тоглох, гадаадын орнуудын ардчилсан сонгуулийн эсрэг кампанит ажлыг санхүүжүүлэх нь өрнөдийнхний эмзэг цэгийг өөрт ашигтайгаар эргүүлэх боломж олгодог. Ийм тактик нь Оросын дайснуудын дотоод асуудлыг хурцатгаж, улмаар тэд олон улсын тавцанд зорилтот үйл ажиллагаагаа явуулахад нь саад болдог байна.
Эцэст нь, Путин дэлхийд нөлөөгөө сэргээхээр эрс шийдсэн нь АНУ-ын өрсөлдөгч мэт харагддаг. Оросын эдийн засгийг хэмжээгээрээ Испанийнхтай адил гэдэг. Гэвч Испани Сирийн иргэний дайны явцыг өөрчлөх боломжгүй. Ливийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, эсвэл Венесуэлийн дарангуйлагчийг дэмжих хөлснийхнийг Испани илгээхгүй.
Москвагийн нөлөөний цар хүрээг урьдынхтай харьцуулшгүй. ОХУ-ын нисэх онгоц тээгч ганц хөлөгт техникийн эвдрэл, гал гардаг. Харин Путин жижиг дайны явц, эсвэл ноцтой тогтворгүй байдалд нөлөөлөхөд шийдвэртэй бөгөөд итгэлтэй үйл ажиллагаа явуулах цэргийн багахан хүч хэрэгтэйг ойлгожээ.
Путин өөрөө энэ бүхнйиг хүчрэхгүй. Оросын улс төрийн загвар авлигад автсан дарангуйлагчид болон либерал бус популистуудын л анхаарлыг татдаг. Тус улс Ойрхи Дорнод, эсвэл бусад бүс нутагт гадаад тоглогчийн хувиар АНУ-ыг орлох боломжгүй. Мэдээж АНУ эл үүргээсээ татгалзахгүй бол шүү дээ. Орос төвтэй дэлхий ч бий болохгүй. Москва руу бүх зам нь хөтөлсөн ирээдүй байх боломжгүй.
Гэхдээ Путин зорьсондоо хүрвэл ОХУ ойрын хөршүүдээ геополитикийн хувьд төдийгүй бодитоор удирдах магадлал бий. Өрнөдийн ардчилсан эвслийн орнуудыг хооронд нь хагаралдуулж, улмаар хоосруулан, хэд хэдэн тивд АНУ-ын санаачилгад саад болох, тогтоон барих загварыг хэрэгжүүлэх ирээдүй буй. Өөрөөр хэлбэл, Америкийн эрмэлзсэн дэлхийн хэв журам бүтэлгүйтвэл Путин амжилт олно.
Эл загвар ойрын хугацаанд өөрчлөгдөх онцгой үндэслэл байхгүй. Олон төлөвлөгөө нь ялангуяа, Өрнөдийн орнуудад үл ойлголцол бий болгох замаар байдлыг нь тогтворгүйжүүлэх төлөвлөгөө нь биелж буйд Путин итгэх ёстой. Ойрхи Дорнодын гол тоглогчидтой түүний тогтоосон харилцааны сүлжээ өргөжин тэлжээ. Мэдээллүүдээс үзвэл түүний гүйцэтгэсэн үүргийн ачаар Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэм төрийн эрхэнд үлдсэн аж. Путиний нэр хүнд улс дотроо унах бүрт хилийн чанад дахь онцгой үйл явдлын тусламжтайгаар оросуудын үндсэрхэг үзлийг өдөөх замаар түүний бүрэн эрхт байдлыг хангахыг оролдох болно.
Энэ нь Путинд төрийн бодлогын өөр нэг нэмэлт бүрэлдэхүүн хэсэг буйг, өөрөөр хэлбэл, геополитикийн ашгийн төлөө тэрбээр ямар ч эрсдэл гаргахад бэлэн гэдгийг илтгэнэ. Сүүлийн 12 жилд Путин олон харилцаанд Өрнөдийн ажиглагчдын харснаас илүү хол явжээ. Тэрбээр Европт нэг бус, хоёр дайн дэгдээв. АНУ шийдэж чадаагүй байхад тэрбээр Сирид хүчээ харуулсан. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд ч хөндлөнгөөс оролцож. Мөн түүний Засгийн газар үнэхээр Афганистан дахь Америкийн цэргийн толгойд шагнал амласан бол энэ нь байдаг л хувилбараа ашигласан хэрэг. Үүнээс үзвэл тэрбээр алдаа дутагдал, замбараагүй бодлогын улмаас сул дорой байдалд байгаа өрсөлдөгчдөө цохилт өгөхөд бэлэн аж.
Уналтын байдалд буй Оросыг эдийн засаг, хүн ам зүйн сүйрлийн ирмэгт тулсан орны хувиар бичих амархан. Гэтэл Путин тактикийн боломжтой хосолсон стратегийн амбицтай нь түүний онцгой аюултай өрсөлдөгч болгодог. Хэрэв энэ сарын эхэнд болсон үйл явдал зохих үр дүнд хүргэвэл ирэх олон жил тэрбээр Вашингтоны сорилт болсоор байна гэж “Bloomberg”-ийн тоймч, Жон Хопкинсын их сургуулийн дэргэдэх Олон улсын тэргүүлэх судалгааны сургуулийн профессор, Америкийн бизнесийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Хал Брэндс бичжээ.