Хонконгийн байдалтай холбоотойгоор Бээжинд шахалт үзүүлэх тухай зарлигт Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсантай холбогдуулан Хятадын эрх баригчид АНУ-ын зарим иргэн, байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авчээ. “Бид үндэсний эрх ашгаа хамгаалахын тулд хориг арга хэмжээ авахаас өөр аргагүй боллоо. Вашингтоны дангаар хийсэн үйлдэл нь олон улсын хууль, эрх зүйн үндсэн зарчмуудтай зөрчилдөж байна. Хонконгийн болон Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсон хэрэг болов. Үүнд эрс дургүйцэж, шийдвэртэй эсэргүүцлээ бид илэрхийлж байна” гэж Хятадын ГХЯ-ны мэдэгдэлд дурдсан байна.
Тэрчлэн “АНУ гаргасан алдаагаа засаж, Хонконгийн тухай хуулиа хэрэгжүүлэхээс татгалзахыг Хятад улс шаардаж байна. Эс бөгөөс хариу хатуу арга хэмжээ авна” гэж баримт бичигт тэмдэглэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зурсан хуульд Хонконгийн байдалтай холбоотойгоор Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахаар заасан бол зарлигт нь БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс нутагт Америк худалдаа, эдийн засгийн хөнгөлөлт үзүүлэхээ зогсоохоор тусгасан аж. АНУ-ын нутаг дэвсгэрт буй Хятадын зарим иргэний хөрөнгийг битүүмжлэхээр шинэ арга хэмжээнүүдэд заасан байна.
БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс нутгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай шинэ хууль гарсантай холбоотойгоор Хонконг дахь “New York times” сонины ажилтнуудын нэг хэсгийг ирэх жил БНСУ-ын нийслэл рүү шилжүүлнэ. “Шинэ хууль манай сонины үйл ажиллагаа, сэтгүүлчдэд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Тиймээс үйл ажиллагааны нөөц төлөвлөгөө боловсруулах нь зүйтэй гэж үзэв. Хонконг хэрхэн өөрчлөгдөхийг сурвалжлах, тус бүс нутгийг Хятад руу харсан цонх болохын хувиар ашиглах сэтгүүлчид үлдэж ажиллана” гэж сонины редакторууд болон удирдлагуудаас ажилтнууддаа хандсан мэдэгдэлд дурджээ. Тэрчлэн Европ, Азийн уншигчдад зориулсан Америкийн сонины хэвлэмэл хувилбар бэлтгэх ажилтнууд Хонконгод үлдэх аж. Сөүлээс гадна Тайланд, Сингапур, Японы нийслэл рүү шилжих боломжийг ч “New York times” сониныхон судалж буй гэнэ.
Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо өнгөрсөн сарын 30-нд баталсан юм. Энэ нь салан тусгаарлах, терроризм, төрийн эрх барих байгууллагад халдах, гадаадын хүчнийхэнтэй үгсэн хуйвалдах зэрэг гэмт хэргээс сэргийлэх зорилготой. Уг хуулийг зөрчсөн этгээдэд насаар нь хорих ял оноох аж. Эл баримт бичгийг Хонконгийн өөртөө засах эрхийг зөрчсөн хэмээн Цагаан ордон үзжээ.