БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Биган Сөүл, Токиод хийх айлчлалаа эхлүүлжээ. Энэ нь сүүлийн хагас жилийн хугацаанд тус бүс нутагт түүний хийж буй анхны айлчлал юм. Америкийн өндөр албан тушаалын дипломатч тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай хэлэлцээг мухардлаас гаргах, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар оролцсон дээд хэмжээний уулзалт дахин хийх боломжийг судлах гэнэ.
Тэрчлэн Азийн гол хоёр холбоотонтойгоо АНУ батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах асуудлыг С.Биган хөндөнө. Учир нь Өмнөд Солонгост Америкийн цэрэг байрлах нөхцөлийн талаар тус хоёр улс тохиролцоонд хүрч чадаагүй байгаа. Мөн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах Америкийн “Aegis ashore” цогцолбор байрлуулах ажиллагааг Япон Улс түр зогсоохоор шийдсэн билээ.
Тусгай төлөөлөгч С.Биган БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва, түүний орлогч Чо Се Ён, тус яамны Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч И До Хун нартай уулзжээ. Түүний өмнөх айлчлалаас хойш Солонгосын хойгийн байдал эрс хурцадсан. Тодруулбал, АНУ-тай хийсэн яриа хэлэлцээнд ахиц гараагүйд гайхсан Умард Солонгос цаашид уулзах хүсэлгүй болсноо мэдэгдэж, пуужин болон цөмийн хүчин чадлаа бэхжүүлэх шинэ стратегиа зарласан юм. С.Биганыг Өмнөд Солонгост айлчлахын өмнө Пёньян Сөүлтэй харилцаагаа хурцатгаж, Кэсон хот дахь цэрэггүй бүсийн ойролцоох Солонгос хоорондын холбооны байрыг дэлбэлсэн билээ.
Мөн түүнийг айлчлалаа эхлэхийн өмнө Умард Солонгос хэлэлцээний ширээнд суухгүй гэдгээ дахин мэдэгджээ. Төв цахилгаан мэдээний агентлагийнх нь уламжилснаар БНАСАУ-ын ГХЯ-ны АНУ-ыг хариуцсан газрын дарга Квон Чон Гын ийн хэлсэн аж.
Бэлтгэл ажилд нь Стивен Биган оролцсон, АНУ, БНАСАУ хоорондын түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапурт 2018 оны зургадугаар сард болсон билээ. Энэ үеэр АНУ, БНАСАУ-ын удирдагчид Солонгосын хойгийг зэвсэггүй болгох тухай тунхагт гарын үсэг зурсан юм. Гэвч өнгөрсөн оны хоёрдугаар сард болсон дээд хэмжээний хоёр дахь уулзалт, аравдугаар сард Шведийн нийслэлд хийсэн ажлын хэсгийн хурал амжилт олоогүй тул яриа хэлэлцээний үйл явц мухардмал байдалд оржээ.
Харин АНУ-ын тусгай төлөөлөгчийн энэ удаагийн айлчлал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай хэлэлцээ дахин сэргэх, эсэхийг тодорхой болгох юм.
КИМ ЖӨН УН НАРНЫ ОРДОНД ЗОЧЛОВ
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Ерөнхийлөгч агсан Ким Ир Сений таалал төгссөний 26 жилийн ойг тохиолдуулан Нарны Кымсусан ордонд зочилсон тухай Төв цахилгаан мэдээний агентлаг нь уламжлав. Тэрбээр дагалдан явсан өндөр албан тушаалтнуудын хамт хоёр удирдагчийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн байна.
Ким Жөн Уны өвөө, БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сен 1994 оны долдугаар сарын 8-нд 82 насандаа таалал төгссөн юм. Пёньян хотын зүүн хойд дүүрэг дэх Кымсусан ордонд Ким Ир Сен болон Ким Жөн Уны эцэг Ким Жөн Ир нарын шарил хадгалагддаг.