Өнгөт арьстан хүмүүсийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг дэмжих ажиллагаа Австралийн Брисбен, Дарвин, Перт, Аделаида зэрэг хотод болсныг “SBS news” телевиз уламжиллаа. Цар тахалтай холбоотой хязгаарлалтыг сулруулсан учраас жагсаал, цуглаан явуулахыг зөвшөөрсөн аж.
Брисбенд цуглаан 1000 хүрэхгүй хүний оролцоотой байсан бөгөөд зохион байгуулагчид нь иргэдийн идэвх сул байгаад тооцжээ. Перт хотод жагссан хэдэн зуун иргэн Баруун Австрали мужийн Засгийн газартаа “Ковид-19”-өөс хүн амаа хамгаалахад гаргасан шиг хүчин чармайлтыг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг системтэйгээр халахад гаргахыг уриалсан байна. Америкийн Миннеаполис хотод цагдаагийнхны гарт африк гаралтай иргэн Жорж Флойд амиа алдсанаас хойш АНУ-ын хотуудаар, дараа нь дэлхийн хэд хэдэн орон, тэдгээрийн дотор Австралид эсэргүүцэл, эмх замбараагүй байдлын давлагаа болсон юм. Цагдаагийнхан түүнд гав зүүж, газарт унаган, хүзүүн дээр нь өвдөглөн дарсан дүрс бичлэг цахим ертөнцөөр тархсан билээ. Флойд амьсгалах боломжгүй байгаагаа хэд хэдэн удаа хэлсний дараа дуугүй болж буй нь тэр бичлэгээс харагддаг. Түүнд халдсан цагдаа нарын нэгийг хүн амины хэрэг үйлдсэнд тооцож, гурав нь хам хэрэгтнээр шүүгдэгчийн ширээнд сууж байна.