Өнгөрсөн долоо хоногт буюу зургадугаар сарын 28-нд Илон Маскийн төрсөн өдөр тохиосон. Инженер, зохион бүтээгч, том хөрөнгө оруулагч гэдгээрээ олон улсад алдаршсан тэрбээр АНУ, Канадын иргэн. Түүний ээж Мэй Маск алдартай загвар өмсөгч бөгөөд өдгөө ч карьертаа цэг тавиагүй байна. ХХI зууны шилдэг энтрепренерүүдийн нэг Илон Маскийн талаар хүмүүс хангалттай мэднэ. Харин ээжийнх тухай “Одод” булангаар хүргэхээр бэлдлээ. Түүний “Төлөвлөгөөтэй эмэгтэй. Аз жаргалтай амьдралын дүрэм” ном саяхнаас олон улсын худалдаанд гарч, маш эрэлттэй байгаа аж. Энэ талаар болон амьдралынх нь тухай Оросын сэтгүүлч Мэйтэй цахимаар ярилцжээ. “Миний хүү Маск шинжлэх ухааныг “дур булаам” болгосон” хэмээсэн тэрбээр өдгөө 72 настай. Охин, хоёр хүүтэй Мэй Маск 50 гаруй жил тасралтгүй загвар өмсөгчөөр ажилласан бөгөөд олон улсад алдартай сэтгүүлүүдийн, тэр дундаа “Time”-ын нүүр хуудсыг чимж явсан нэгэн. Тэрбээр ихэр аж. 1950 онд аав, ээж нь их хотын шуугиант амьдралаас дайжин, амар амгаланг хайж таван хүүхдээ дагуулан Канадаас Өмнөд Африкт шилжин суурьшжээ. 1969 Мэй тус улсын гоо бүсгүйн уралдаанд шалгарсан аж. Дараа жил нь инженер Эррол Масктай гэрлэсэн бөгөөд тэд дунд сургуульд хамт сурч байж. Мэй Өмнөд Африкийн их сургуулийг хүнсний шим тэжээл судлаачаар төгсөж, мастерын зэргээ ч энэ чиглэлээр хамгаалжээ. Дараа нь Канадын Торонтогийн их сургуульд мэргэшин суралцсан байна. 1979 нөхрөөсөө салахад хоёр хүү нь аавтайгаа үлджээ.
“Ревлон”-ы нүүр царай явсан Мэй сүүлийн үед дэлхийн ододтой хамтран ажиллаж буй. Жишээ нь, Бейонсын клипэнд тоглосон юм. Тэрбээр эрүүл амьдрал, зохистой хооллолтын талаар зөвлөж, сурталчилдаг. 2011 онд “New York” сэтгүүлийн нэгдүгээр нүүрт “жирэмсэн” Мэйгийн зураг гарч олныг шуугиулсан. 2015 онд “IMG models” агентлагтай гэрээ байгуулснаар өнөөдөр ч үндсэн загвар өмсөгчөөр нь ажиллаж байгаа аж.
Үүнээс гадна түүнийг олон улсад урьж хоол хүнсний зохист хэрэглээ, зөв хооллосноор эрүүл орших талаар лекц уншуулдаг нь орлогынх нь багагүй хувийг бүрдүүлдэг гэнэ. Хэдийгээр үргэлж гял цял харагддаг ч Мэй нөхрөөсөө хойш ганцаардаж, багагүй зовлон үзсэн гэж дурсамжийн номдоо бичжээ.
Тэрбээр орос сэтгүүлчтэй ийнхүү ярилцсан байна.
-Цар тахлын хөл хориотой энэ үед таны номыг Орост борлуулж байна. Та ингэхэд “коронад” яаж хориулж байна даа?
-Миний номыг цар тахлаас үл хамаарч олон улсад борлуулж эхэллээ. Таны харж байгаачлан интернэтийн ачаар би коронавирусийг давж, хил хязгааргүй ярьж сууна, тантай. Миний нарийн бичиг, орос бүсгүй Анна энэ бүхнийг зохион байгуулсанд баяртай байна. Түүний ачаар би бас “TikTok” сүлжээнд их алдаршаад байгаа шүү.
-Таны амьдрал, амжилтын тухай ном олон орны уншигч эмэгтэйчүүдэд илүү хүрчээ. Хүмүүс санал хүсэлтээ илгээж байна уу?
-Маш их олон эмэгтэй хувийн амьдралын түүхээ надтай хуваалцах боллоо. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, тэр нөхцөл байдлаасаа хэрхэн гарах талаараа асууж, харилцан санал солилцож, сэтгэлийн дэм тусламж хүсдэг. Миний ном тэдэнд энэ алхмыг шийдэхэд тусалдаг, бүх зүйлийг дахин эхлүүлэх боломжтой гэсэн итгэл үнэмшлийг өгдөг гэдгийг мэдэх үнэхээр сайхан. Учир нь хүчирхийлэлтэй орчинд, гэр бүлийн харилцаа таагүй үед эмэгтэйчүүдийн олонх эмзэг, сул дорой болдог. Тийм байхад нь бага ч гэсэн сэтгэлийн дэм болж чадаж байна гэдэг баярламаар хэрэг шүү дээ.
Инстагрмаар холбогдсон нэг бүсгүй “Таны номыг уншаад л хүсээд, хичээгээд ч болохгүй байгаа амьдралыг зоригтой орхих ёстой гэсэн шийдвэрт хүрч чадсан. Нөхрийнхөө уур хилэн, сүрдүүлгийг тэвчсээр бүр сульдсан байжээ, би. Хамгийн сүүлд би нөхөртөө өглөөний хоол бэлдээд зодуулсан. Хуймагны шанзыг ихдүүлсэн гэж тэр над руу дайрсан. Ийм л хүчирхийллийг тэвчсэн олон жилийн амьдралдаа хоргодох нь утгагүй гэдгийг та надад ойлгууллаа” гэсэн. Ер нь яагаад эмэгтэй хүн л гал тогоо, хоол ундтай зууралдах ёстой гэж. Хуймагны шанзыг идэх хүн нь өөрөө хийж болохгүй гэсэн хууль байхгүй биз дээ.
-Оросын эрэгтэйчүүд эхнэр бүхнийг хийх ёстой, хэрэв тэрбээр алдаа гаргавал алганы амт үзүүлэх нь энгийн хэрэг гэсэн уламжлалт “соёлтой”. Телевизийн хөтлөгч, блоггер нэг хүн саяхан “Эр хүн чамайг зодохгүй байлгахын тулд чи юу хийсэн бэ” гэж олон нийтийн сүлжээнд бөөн шуугиан тарьсан л даа.
-Эрчүүд биднээс илүү хүчтэй. Тэд биднээс дэндүү их зүйл шаарддаг. Хүүхэд төрүүлж, өсгөх, гэрийн ажилд сайн байх, тэгээд болоогүй ажил хийж, орлого олох ёстой гэдэг. Бүх зүйлд төгс байхыг шаарддаг. Уучлаарай, тэр бол тэнэглэл. Үнэндээ бол эмэгтэй хүнийг юунд ч буруутгах хэрэггүй, бүр буруутай байсан ч тэр. Харин түүнтэй ярилцаж, зөвлөж болно шүү дээ. Зодохоос өөр арга бий.
-Та нөхөртэйгөө анх яагаад муудалцсанаа санаж байна уу?
-Бал сараа Европт өнгөрүүлж байх үеэр анх ам зөрсөн. Би бүр итгэж ядаж байлаа. Тэр намайг цохисон. Би харихыг хүссэн ч түүнд миний паспорт байсан учраас чадаагүй. Аяллаас ирсэн миний нүүр хөхөрчихсөн байлаа. Тэр үед би Илоныгоо тээж байсан юм шүү дээ. Жирэмсэн хүүхэн хаачих билээ. Эцэг, эхдээ очоод “Би ирлээ. Намайг одоо халамжлаарай” гэх үү. Хожим бодох нь ээ, тэр үед л би Илоны аавыг орхисон бол дахин хүчирхийлэлд өртөж, түүнд муу муухайгаа дуудуулахгүй байлаа. Бид ер нь өөрт тохиосон муу зүйлийг, зовлонгоо ойр дотнынхондоо яагаад ярьж, сэтгэлээ уудалдаггүй юм бол. Би яаж амьдарч байгаагаа, нөхөр минь надад ширүүн ханддаг талаар ихрийн өрөөсөндөө ч хэлж байсангүй. Намайг ямар амьдрал туулсныг ах, дүүс минь номоноос л уншиж мэдсэн. Би хувийн амьдралаа бусдад дэлгэх хэрэггүй гэж боддог байсан. Харин хүүхдүүд минь зовлон, шаналлаа хуваалцах ёстой гэдэг. Одоо бодох нь ээ, юунд нь нуудаг байсан юм бол. Эр нөхрөө дэмжиж, хамгаалах нь эмэгтэйн үүрэг хэмээн элдэв зүйл ярих нь ичгэвтэр хэрэг гэж боддогоос болсон байх. Нөхөр маань их түрэмгий, олон нийтийн өмнө ч намайг аймшигтай доромжилж, гутаадаг байсан. Эцэст нь би олон найзаасаа харилцаагаа таслахад хүрч, бүр ээжтэйгээ ч уулзахаас эмээх болсон. Хожим мэдэх нь ээ, найз нар маань Эрролд дургүй бүр “гахай” гэж нэрлэдэг байсан юм билээ. Нэг удаа Октоберфестэд байхад тэр намайг найзуудын минь дэргэд цохих гэсэн. Мэдээж, найз нар минь хүчирхийллийг зогсоосон. Тэд ээжид минь хэлчихсэн. Тэр үед ээж “Чи охинд минь дахин гар хүрээд үзээрэй” гэснээс хойш зодохоо больсон ч сэтгэл зүйн дарамт хэвээр байлаа.
-Та Эрролдтой гэрлэх төлөвлөгөөгүй байсан гэж бичжээ. Тийм байтал яагаад хамтын амьдрал эхлүүлсэн юм бэ?
-Бид үнэхээр санамсаргүй л суучихсан юм. Удалгүй жил дараалан нярайлсан би ер нь гэр бүл зохиох, хүүхэд төрүүлэх тухай ямар ч төлөвлөгөөгүй байсан. Залуу байхад бүх зүйлийг бодож санахгүйгээр, маш хурдан шийдэх нь бий. Эрролд хүүхдүүдээ хуурайлж, тэвэрч, бүүвэйлж үзээгүй. Нэг ч шөнө хамтдаа босож, надад тусалж байгаагүй юм. Ингээд зогсохгүй хоол, угаалга, цэвэрлэгээ хий гэнэ. Тэгж бүгдийг ганцаараа л үүрэх юм бол надад нөхрийн хэрэг байна уу, түүнгүйгээр хүүхдүүдээ өсгөөд, эх хүний жаргалыг эдэлж чадна биз дээ. Ингээд л салахаар шийдсэн.
-Хүүхдүүдэд аав хэрэггүй гэж бодсон юм уу?
-Сайн эцэг бол хэрэгтэй л дээ.
-Та дахин гэрлээгүй нь ямар учиртай юм бэ?
-Нөхөр гэдэг хүн намайг аз жаргалтай болгоогүй. Тиймээс дахин гэр бүл зохиохыг утгагүй гэж бодсон. Тийм ээ, би ганцаарддаг байсан нь үнэн. Гэхдээ чамайг үргэлж доромжлох хүнтэй хамт байснаас ганцаараа тааваараа байх нь дээр.
-Та загварын ертөнцийнхний мөрөөдөл болсон “CoverGirl”-ийн гэрээт ажилтан...?
-Гайхалтай шүү, 70 насандаа тийм том компаниас урилга авна гэдэг. Нүүр будах урлаг ямар чухал гэдгийг энэ компани надаар дамжуулан харуулсан.
-Настай болсон хойноо нүцгэн зураг авхуулахад ямар байсан бэ?
-Дэми Мур жирэмсэн үедээ авхуулсан, алдарт зураг дээр миний нүцгэн зургийг “хувилж” компьютерийн программаар зассан. Фотошоп гэсэн үг. Ингэхдээ миний биеийг тэр чигт нь цагаанаар будсан юм. Би ийм зураг авхуулахаас татгалзсан ч охин минь ятгасан. Сонин юм шүү, би энэ зургаас хойш Дэми Муртэй танилцаж, өдгөө дотно найз болсон. Дараа нь “Time” сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зураг авхуулахаас татгалзахад удаах хүү маань бас л ятгасан.
-Таны гурван хүүхдийн хүмүүжлийг шагширдаг. Та хүүхэд хүмүүжүүлэхэд юу анхаарах ёстойг зөвлөөч.
-Эцэг, эхийнхээ арга барилаар л тэднийг өсгөсөн. Нэгдүгээрт, хүүхдүүдтэйгээ үргэлж ярилцах, ингэхдээ том хүнтэй харилцаж байгаа мэт байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэднийг хүүхэд гэж үл тоож болохгүй. Илон, Кимбал, Тоскаг би хэзээ ч эрхлүүлж, хэлээ хазаж нялуурч байсангүй. Дараа нь, хүүхдийг тэнэг, царай муутай, муу зэргээр гоочилж болохгүй. Буруу зүйл хийсэн ч бай тэднийг муу хэлэхийг цээрлэх хэрэгтэй. Эцэг, эхчүүд уурлахаараа ухаанаа алдаж, үгээ хянахаа больчихдог сул талтай. Гуравдугаарт, хүүхдийг багаас нь бие даалгаж, ухааныг нь уралдуулан, сорьж сургах хэрэгтэй. Тоглоом, идсэн зүйлээ тэд өөрсдөө хурааж сурах ёстой. Хэрэв идэхийг хүсвэл хөргөгчөө онгойлгоод хар, хоол идсэн бол тавгаа хураа гэдэг зармчаар би ач, зээ нараа өсгөж байна даа.
Бэлтгэсэн: Ж.Хаан