Залгаа хилийн маргаантай хэсэгт Энэтхэг, Хятадын цэргүүд мөргөлдсөнөөс хойш эдгээр улс дайны босгон дээр ирлээ гэх мэдээлэл дэлхий дахинд түгэв. Зөрчилдөж буй энэ гүрнүүдийн цөмийн зэвсэгтэй гэх статус нь тэртэй тэргүй түгшүүртэй байдлын уур амьсгалыг нэмэгдүүлж, ийм дайсагналын үр дагавар нь хэтрүүлэлгүй хэлэхэд өргөн цар хүрээтэй болж болзошгүй юм. Түгж байгаа шинэ мэдээллээс үзэхэд энэ мөргөлдөөн нь хил дээр байсхийгээд тохиолдож байдаг жижиг зөрчилтэй адилтгаж болохооргүй үйл явдал аж. Амиа алдсан хүний тоо хэдэн арав болсон байна.
Энэтхэг, Хятадын хилийн маргаантай хэсэгт уг мөргөлдөөн зургадугаар сарын 16-ны шөнө Ладакхын районд болсон юм. Хоёр талд учирсан хохирлын талаарх мэдээлэл маргааш нь тодорхой болсон бөгөөд эхлээд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд түүнийг “хэдэн арав” гэж байв. Удалгүй 20 хүн амиа алдсан талаар Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдээллээ. Харин Хятадын тал өөрийн хохирлын тухайд албан ёсоор сонордуулаагүй болохоор Энэтхэгийн ANI агентлагийн мэдээгээр л баримжаалахаас аргагүй байв. Тус агентлаг амь үрэгдсэн хийгээд хүнд шархадсан хятад хүний тоог 43 гэж мэдээлж байлаа.
Цэргээ хилээс холдуулахаар ердөө хоёр долоо хоногийн өмнө тохиролцсон талууд чухам яахаараа ийм гарз учруулсан зөрчил гаргав гэдэг нь гол асуудал юм. Тэгээд ч цэргүүдийнхээ амь насыг хамгаалахын тулд галт зэвсэг хэрэглэхээс хоёр орны цэргийнхэн татгалзаж байсан юм шүү дээ. Үүний нууц нь зөрчилдөөнд хоёр талаас оролцсон хүний тоонд байсан юм санж. “Зодоон”-д 500 орчим хүн оролцсон аж. Түүний зэрэгцээ зөрчилдөөн шөнө орой сэдэгдэж, харанхуй байсан нь нөхцөл байдлыг даамжруулсан байна. Хүчний байдлыг тагнах явцдаа хятадууд цэргүүдийнхээ байрлаж байсан майхнуудын нэгийг буулгах ёстой байтал өөр газар аваачаад босгочихсон нь энэ мэт маргааныг тогтсон дүрэм журмаар шийдвэрлэхийг үл тоомсорлож, нөгөө талынхнаа маргаантай нутаг дэвсгэрээс зүгээр л хөөгөөд явуулчихаар шийдсэн энэтхэгчүүдийн санаанд нийцсэнгүй. Цэргүүдийн хооронд гардан тулаан болж, энэтхэгчүүд илүү хүчтэй байжээ. Хятадууд ч бууж өгөхийг бодсонгүй, энэтхэг цэргүүдийг унтмагц нь асга хад өөд авиран гарч, чулуугаар шиджээ. Ингээд энэтхэгчүүд дахин “тулаан”-д орж, харамсалтай нь амжилт тэднээс нүүр буруулж, хятадууд төмөр хоолой, арматур, төмөр утсаар хэдийн зэвсэглэж амжсан байв. Тиймээс энэтхэг цэргүүд яаран ухарч Галван гэдэг түргэн урсгалтай гол руу таван метрийн өндрөөс үсэрч эхэлжээ. Тэдний зарим нь энэ үед авсан гэмтлээсээ, зарим нь хүйтэн усанд бээрч осгосон байна. Хад мөргөснөөс амиа алдсан цэргүүдийн цогцсыг хожим нь голоос гаргаж авсан аж.
Энэтхэг, Хятадын хилийн залгаа Непал, Бутан улсын оршин байгаа хоёр хэсэгт л тасардаг юм байна. Түүний зэрэгцээ маргаантай нутаг нь ганц Ладакхын хэсэг биш аж. Хоёр улс булаацалдаж байдаг өөр нэг “хэрчим” газар нь Гималайн зүүн бүс нутагт байх бөгөөд тэр нь Энэтхэгийн Аруначал-Прадеш мужтай бараг бүхэлдээ давхацдаг байна.
Энэ маргаантай нутаг дэвсгэрийн уг мухрыг хөөвөл бүр Британийн эзэнт улсын цаг үеэс эхтэй аж. Тэр үед Британийн Энэтхэг, Хятад хоёрыг заагласан “Ард-Жонооны”, “Макмоганы” гэсэн хоёр томьёолсон шугам байжээ. Энэтхэгчүүд хийгээд Төвөдийн Төрийн тэргүүн Далай ламын Засгийн газар хилийн ийм заагийг хүлээн зөвшөөрч байсан бол Хятад зөвшөөрдөггүй байлаа. Хятадууд чухам үүнээс болж ихээхэн газар нутгаа алдсан гэж үздэг, дургүйцлээ 1959 онд дипломат бичиг баримтаар илэрхийлж байжээ. 1962 онд хил дээр жинхэнэ дайн дэгдэв. Богино хугацааны, цуст тэмцлийн эцэст Энэтхэгийн арми бут цохигдлоо. Хятадууд хилийн баруун хэсэгт Аксайчин хэмээх стратегийн чухал бүс нутгийг эзэлснээр Төвөд, Шиньжан гэдэг хамгийн тогтворгүй хоёр газар нутгийг замаар холбож чадсан байна. Энэ нутгийг Энэтхэг өөрийн Ладакх районы хэсэг гэж үздэг байж.
Энэ зөрчлийн дараа бий болсон хил хязгаарыг одоо “хяналтын шугам” гэж нэрлэдэг байна. Үүнээс хойш маргаантай нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэх гэж талууд нэг бус удаа оролдож байв. 1993, 1996 онд Хятад, Энэтхэгийн хэлэлцээр хоёр ч удаа болж, нөхцөл байдалд ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Тэгээд энэ зурвас газрыг цэрэггүй бүс болгож чадаагүй учраас томьёолсон хилийн талаарх өөрсдийн ойлголтыг тус бүртээ үнэн гэж үзэж ирсэн болохоор тэнд янз бүрийн хэмжээний мөргөлдөөн байнга гарч байдаг нь гайхах юм биш.
Тэдгээрээс 2017 оны зөрчлийг эргэн сануулъя. Тэгэхэд хятадууд Энэтхэг, Хятад, Бутаны хилийн уулзвар дээрх хөндийд зам тавихаар шийдэв. Энэ төлөвлөгөө энэтхэгчүүдийн санаанд нийцээгүй тул зам тавих ажилд нь саад хийх нь зүйтэй гэж үзлээ. Энэтхэгийн цэргүүдийн үйлдлийн хариуд чулуун мөндөр буулгаж, эцэст нь томоохон тулаан болов. Түүнд уламжлалт төмөр саваа, хадаастай бороохой ч хэрэглэв. Харин аз болоход хүний аминд хүрсэнгүй. Хил дээрх энэ зөрчилдөөний цахим бичлэг 2020 оны тавдугаар сард олон түмний хүртээл болсон байна.
Энэ зөрчилдөөн Хятадын тал дангаар статус-кво-г өөрчлөх гэж оролдсоны балаг гэж Шинэ Делид үзэж байв. Тэгвэл Энэтхэгийн хэлэлцэн тохиролцсоноо зөрчлөө хэмээн Бээжин буруутгалаа. Энэтхэгийг албан ёсны байр суурь хүлээцтэй байсан нь зөрчилдөөнийг үргэлжлүүлэх хүсэлгүй болохыг нь харуулж байв. Улс орон нь дайн хүсэхгүй ч өдөөн хатгагчдад зохих хариуг нь өгөхөд бэлэн гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ. Олон талаар нөхцөл байдлын цаашдын өрнөлд дотоод бодлого нь хариулт өгөх тул Энэтхэгийн эрх баригчид энэ зөрчилдөөнийг одоо сөрөг хүчнийхээ төлөөлөлтэй хэлэлцэх ёстой болоод байна. Энэтхэгийн гол сөрөг хүчин болох Үндэсний конгрессын тэргүүн Рахул Ганди өөрийн бодлыг “Бид үүнээс илүү тэвчихгүй. Хятад манай цэргүүдийг алж зүрхэлж байна гэнэ ээ” хэмээн илэрхийлсэн нь Модийг яахан тайвшруулах. Сөрөг хүчинтэйгээ амаргүй яриа хөөрөө хийсний дараа байлдааны ажиллагаа болно гэж хүсэлтгүй. Харин хилийн дагуу даруй дэд бүтэц байгуулахыг түргэвчилж, агаараас эсэргүүцэн хамгаалах шинэ хэрэгсэл худалдаж авахад хүрч тун болзошгүй. Ийм сануулах арга хэмжээ авахад Энэтхэг улс хүрч болох юм. Хятадтай дайтах тухайд улс төрийн ямар ч хүчний төлөвлөгөөнд ороогүй байв.
Ийм дайнаас хүлээх хохирол нөхөгдөшгүй их байх нь мэдээж тул Бээжин ч дайнд орохыг мөн эрмэлзэхгүй байгаа юм. Хоёр улсын хооронд эцэслэн шийдсэн тохиролцоо нэгэнт байхгүй болохоор “хил дээрх төвөгтэй байдлыг шударгаар шийдвэрлэж”, түгшүүртэй байдлыг намжааж, тус бүс нутагт энх амгалан байдал тогтооход хамтран ажиллахаар Хятад, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Ван И, Субраманьям Жайшанкар нар тохирсон байна. Мөргөлдөөний явцад олзлогдсон Энэтхэгийн цэргийн 10 алба хаагчийг үүний үндсэн дээр хятадууд суллажээ. Байдлыг цаашид Оросын зуучлалаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Энэтхэг бол дэлхийн хамгийн олон хүн амтай ардчилсан улс, олон түмний “тэсэрч буй” санаа бодлыг Засгийн газар нь анхааралдаа авахгүй байж чадахгүй гэдгийг мартаж болохгүй. Дээрх зөрчилдөөнөөс хойш хонзон авах тухай дуу хоолой чанга сонсогдох болжээ. “Энэтхэг хариуг нь өгөх ёстой. Бээжин манай цэргүүдийг алж манай зах зээлээс ашиг олж болохгүй” хэмээн “Times of India” сонинд бичжээ. Түүнийг бичигчид Хятадаас авч буй бараанд хориг тавихыг уриалсан байна. Болж буй үйл явдлаас шалтгаалж Энэтхэгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бүр дөрөвдүгээр сард л түгшүүр зарласан аж. Ингэх шалтгаан нь Энэтхэгийн Аруначал-Прадешийн хэсэг газар нутгийг БНХАУ-ынх болгож оруулсан газрын шинэ зураг байв. Дараа нь хил дээр байнга гарах болсон жижиг сөргөлдөөн, үүнд эрх баригчид юу ч хэлдэггүй, дуугүй өнгөрөөдөг байлаа.
Коронавирусийн халдвар голомтлон тархаж байхад Хятад улс газар нутгийн түрэмгийллээ цаасан дээр ч, ажил дээр ч хэрэгжүүлэхийг хэдэнтээ оролдсон байна. Тухайлбал, маргаантай Параселийн арлууд болон Спратли бүлэг арлууд дээр Хятадын засаг захиргааны хоёр ч тойрог бий болсон нь дөрөвдүгээр сарын 19-нд тодорхой болжээ. Тэдгээр нь өөрийн санаархлаа үндэслэлтэй болгохын тулд 2012 онд Хятадын Засгийн газраас байгуулсан Хайнань мужийн Саньша хотод харьяалагдах аж. Үүнийг Вьетнам эсэргүүцсэн ч Бээжин эл үйлдлээ зогсоосонгүй.
Япон дахь АНУ-ын Зэвсэгт хүчний командлагч, дэслэгч генерал Кевин Шнайдер ч дургүйцлээ илэрхийлэв. Бээжин өөрийн болгохоор өрсөлдөж буй “усанд” Хятадын цэргийн хөлөг онгоцнууд байсхийгээд үзэгдэх болж, түүгээр явж буй гадаадын онгоцнуудыг отдог, мөрддөг болсон гэж тэрбээр тэмдэглэсэн байна. Японтой нутаг дэвсгэрийн маргаантай байдаг Сенкаку хэмээх бүлэг арал байх Дорнод Хятадын тэнгист Хятадын тэнгисийн цэргийн хүчний идэвх илт нэмэгджээ. Шнайдерийн үзэж буйгаар ийм байдлаар Бээжин бусад улсыг айлгахыг хичээж байгаа аж.
Коронавирус болон Хонконгтой холбоотой асуудлаар буруутгасных нь хариуд Хятадын “Global times” сонины ерөнхий редактор Хуй Сицянь америкчуудад нэлээд ширүүн цохилт өгчихөөд одоо энхийг эрхэмлэсэн байр суурь баримтлах болсон. Түүний бодлоор нөхцөл байдлыг аятай таатай шийдвэрлэх боломжтой, эвдрэл зөрчлийг бүгдийг нь хяналтдаа байлгахын тулд хоёр тал “ойлгомжтой, болгоомжтой” ухаан гаргасан байна. Үүний хажуугаар Төвөдөд байнгын бэлтгэл сургуулилалт хийж, шаардлага гарвал тохирсон хариуг нь өгөхөд бэлэн байгаагаа Бээжин онцолж байна.
Бас сүүлийн үед гэхэд Непал, Пакистантай залгаа хил дээр ийм маягийн үйлдэл хэд хэдэн удаа хийсэн “дэггүй Энэтхэгийг” Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дурссаар байна. Шинэ Дели, Катманду хоёрын хоорондын байдал өнгөрсөн тавдугаар сараас түгшүүртэй болж эхэлжээ. Зургадугаар сарын 12-нд буудалцаан болж хоёр хүний амь үрэгдсэнээс хойш Непалын тал маргаантай бүс нутгийн тусгаар байдлыг нотолсон мэдэгдэл хийсээр байна. Зургадугаар сарын 16-нд маргаантай Кашмир нутагт Пакистантай залгаа хил дээр ч буун дуу гарав. Пакистаны цэргүүд Наугамын зурваст Энэтхэгийн байрлал руу миномётын гал нээсэн гэж Энэтхэг улс тэгэхэд мэдэгдэж байв. Харин ч хүний амь хохироогүй аж. Түүнээс гадна хоёр дипломат ажилтан Пакистанд хулгайлагдсан гэж зургадугаар сарын 15-нд Энэтхэг мэдэгдэж, албан ёсны эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Тэгвэл зам, тээврийн осол болсон газраас зугтахыг оролдох үед нь Дээд комиссын ажилтнуудыг нь зүгээр л баривчилсан хэмээн Исламабад нотолсон. Энэтхэгийн Засгийн газар эдгээр зөрчилдөөнөөр дотоодын асуудлаасаа, юуны түрүүнд коронавирусийн тархалтаас олон түмний анхаарлыг хөндийрүүлэхийг оролдож байна гэж хятадууд үзэж буй. Энэ вирусийн халдвар авсан хүний тоо Энэтхэгт 380.5 мянгад хүрч тус үзүүлэлтээр дэлхийд дөрөвт орох боллоо. Халдвар авсан 200 мянган хүн эдгэрч, 12.5 мянган хүн нас баржээ.
Олон талт гадаад бодлого баримтлах, тэр дундаа Бээжингийн эсрэг эвсэлд хоёргүй сэтгэлээр нэгдэхийг Шинэ Делид эртнээс ятгаж байгаа АНУ-тай харилцахдаа ийм бодлогоор хандахыг хүсэж буй Энэтхэгийн хувьд Хятадтай зөрчилдөх нь хүсэх юм биш. Чухам энэ зорилгоор Вашингтон өөрийн үзэл баримтлалдаа бүс нутгийн нэрийг өөрчилж, баримт бичигт нь Ази, Номхон далайн бүс нутгийн оронд Энэтхэг-Номхон далайн гэх нэр бичигдэх болсон юм. Бээжинтэй эртнээс сайнгүй харилцаатай явж ирсэн түүх нь энэтхэгчүүдийг маргаангүй сонголт хийхэд түлхсэн, харин ийм тохиолдолд тэд маневр хийх орон зайгаа алдсан байна. Хятадтай илт дайсагналцсанаас Энэтхэг улс АНУ руу хэт татагдаж, бүс нутгийн гүрний бие даасан байр суурийн талаар дуугарах боломжгүй болж байна. Үүний зэрэгцээ олон жил булаалдсан газар нутаг дээр цөмийн зэвсэгтэй хоёр гүрний амссан хохирол тэдний дээд албан тушаалтнуудын санаанд багтамгүй байснаас таагүй сонголтын өмнө авчирчээ. Нэг талаас ажил хэргийг зогсоож, цус урсгасан өрсөлдөгчөө ямар ч удирдагч уучилж чадахгүй нь ойлгомжтой. Жинлүүрийн нөгөө талд алинд нь ч хэрэггүй заналхийлэл, түүнээс урган гарах уршигт үр дагавартайгаа байж байх нь тэр. Хэдэн арван жил тохиолдож байгаагүй энэ зөрчилдөөн тодорхой хил зааггүй байх нь өөрсдөдөө л хохиролтой гэсэн дүгнэлтийг 2020 онд хийхэд дайсагнагч талуудыг хүргэв.
Бэлтгэсэн: Р.Жаргалант