Тайландын зарим хотын гудамж, талбайд хүмүүс “коронавирус”-ийг амтлахаар дугаарлах болжээ. Дэлхий нийтэд хөл хорио “тогтоосон” шинэ титэм вирусийн хэлбэртэй жигнэмэг сүүлийн үед тус улсад хамгийн эрэлттэй байгаа аж. Будааны гурилаар хийсэн уг бүтээгдэхүүн нь хоёр давхаргатай бөгөөд дотроо наргилын сүүн кремтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, айхавтар вирусийн бүрхүүлийн тоогоор давхарласан амттан юм байна. Ийм нэгэн амттаны төлөө Бангкок хотынхон урт дараалал үүсгэж байгаа нь хүмүүсийн сэтгэл зүйтэй холбоотой гэж судлаачид онцолжээ. Удаан хугацаанд хорионд байсан хүмүүс шинэ коронавирусийг “устган”, стрессээ тайлж байгаа арга хэмээн үзэж байна. Ташрамд дурдахад, олон оронд уран бүтээлчид, бизнес эрхлэгчид шинэ тахлын голомт болсон бичил биетийг дүрсэлсэн янз бүрийн бүтээгдэхүүн хийсээр байна. Тэр дундаа хоол хүнс олны анхаарлыг илүү татаж байгаа аж. Жишээ нь, Германы талх, нарийн боовчин Торстен Рот “Бид хүмүүст бага боловч инээд бэлэглэх гэж “коронавирус”-ийн амттан хийж эхэлсэн” гэжээ. Тэгвэл Вьетнамын тогооч Дан Ван Ку эл бичил биетийг бургерийн талх “болгон” хувиргасан бол Францын шоколад үйлдвэрлэгч Жан Франсуа Пре короанвирусийн “тэмтрүүлүүдийг” самраар орлуулсан амттан хийсэн нь эрэлт ихтэй байгаа гэнэ.